Зам тээврийн ослын улмаас гурван хүүхэд амиа алджээ

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2019-06-20 11:41:49

Өмнөговь /МОНЦАМЭ/  Өмнөговь аймагт он гарснаас хойш зам тээврийн ослын улмаас найман хүн амь насаа алдсан байна. Оны эхний таван сарын байдлаар хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэг 24 гарсан нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 4 хувиар буурчээ. 

Үүнээс үүдэн найман хүн нас барж, 13 хүн  гэмтсэн байна. Нас барсан найман хүний гурав нь бага насны хүүхэд байгаа аж. Өмнөх онд авто ослоор бага насны хүүхэд эндсэн тохиолдол гараагүй юм байна. Авто ослоор хүүхэд амь насаа алдах нь томчуудын хайхрамж болгоомжгүйн улмаас гарч байгааг цагдаагийнхан онцолж байна.

"Энэ сард хөдөөгийн замд буюу Хүрмэн сумын нутагт малчин айл суудлын автомашинаар нүүдэл хийх явцдаа жолоочийн хажуугийн суудалд бага насны хүүхдээ суудал дээр зогсоогоор нь авч явсны улмаас энхэл донхол зам дээр хүүхэд машины цонхоор унаж тухайн машиныхаа хойд дугуйнд дайрагдан нас барсан харамсалтай хэрэг гарсан. Машин жолоодож явсан хүн нь жолооны үнэмлэхгүй, жолооны ямар ч мэдлэг байхгүй байсан нь уг хэрэг гарах үндэслэл болсон гэж үзэж байгаа. Тиймээс хөдөөгийн замд ч гэсэн сонор сэрэмжтэй байх хэрэгтэй" гэж Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад Т.Түмэнжаргал ярилаа.

Мөн дээрх 24 гэмт хэргийн ихэнх нь нүүрс тээвэрлэлтийн замд гарсныг онцолсон юм. Энэ сарын 18-ны өдөр гэхэд нүүрс тээврийн зам дээр машинд мөргүүлэн амь насаа алдсан хэрэг гарсан. Нүүрс тээврийн замд жолооч нар согтууруулах ундаа хэрэглэх, замын эвдрэл, хурд хэтрүүлсэн, гүйцэд түрүүлэх үйлдлийг буруу хийсэн зэргээс болж зам тээврийн осол гарсаар байгаа юм.

 


Холбоотой мэдээ