Улсын хэмжээнд хармагны баярыг анх удаагаа тэмдэглэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2019-06-20 13:11:01

Өмнөговь /МОНЦАМЭ/ 

 Өмнөговь аймагт "Хатан хармаг" ХХК үйл ажиллагаа явуулж хармаг жимсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн олон улсын зах зээлд гаргаад байгаа билээ. Тэдний санаачилгаар уг баярыг тэмдэглэж хармаг жимсний ач тус, хармагны мод буюу сондуул нь говь нутгийг цөлжилтөөс хэрхэн хамгаалдаг талаар иргэдэд мэдээлэл өгсөн юм.

Энэ үеэр "Ургамал оршихуйд амьдрал оршино-2019" говийн бүсийн эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа. Хатан хармаг кластер төслийг санаачлагч Б.Баярчимэг хэлэхдээ, "Хармаг тариалах баярыг Монгол Улсад анх удаагаа зохион байгуулж байна. Энэ нь дэлхийн хэмжээнд ч анхны байх. Бид баяраа тэмдэглэхээр өмнө нь ийм баяр болж байж уу гээд судлаад үзэхэд бид нарт мэдээлэл огт олдоогүй" гэсэн юм. 

Уг баярт 40 гаруй байгууллагын төлөөлөл оролцож харилцан хамтын ажиллагаа үүсгэхээр болсон байна. Энэхүү үйл ажиллагааг БОАЖЯ, Өмнөговь аймгийн БОАЖГ, Оюутолгой ХХК, Амин хэлхээ байгаль сан хамтран зохион байгуулжээ.

Баярт Монголын Жимс жимсгэний үндэсний холбоо, НҮБ-ын "ABS Mongolia" төсөл, ШУА, Биологийн хүрээлэн, Говийн их дархан газар зэрэг байгууллага оролцов. Эрдэм шинжилгээний хуралд 30 гаруй эрдэмтэн, судлаачдын говийн ургамал хамгаалал, тариалалтын судалгаа шинжилгээий ажлыг танилцууллаа.

Мөн Оюу толгой компани Амин хэлхээ байгаль сангийн "Говийн ботаник цэцэрлэгт хүрээлэн"- д 150 говийн мод, бутны суулгац бэлэглэж, оролцогчид талбайд үр суулгасан байна. Хармаг тариалах баярын гол ажлуудын нэг нь говийн ургамлыг хамгаалах, тариалах, эдийн засгийн эргэлтэд оруулах үндэсний хөтөлбөртэй болох саналыг холбогдох яаманд хүргүүлэх явдал байв.

Энэ удаагийн эрдэм шинжилгээний хурал онол, практик хосолсон төдийгүй тал бүрийн хамтын ажиллагааг өргөжүүлснээрээ онцлог боллоо гэж зохион байгуулагчид үзэж байна.

 

Холбоотой мэдээ