Өвөрхангай аймагт аялахыг хүсвэл дараах газруудаар зочлоорой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-06-26 12:59:40


Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймаг нь 63.5 мянган км.кв талбай бүхий газар нутагтай. Нутгийн хойд хэсгээр Хангайн нурууны, өмнө хэсгээрээ Алтай нурууны салбар уулсаар хүрээлэгдсэн, аймгийн нийт нутгийн 23.0 хувь нь хангайн, 28.2 хувь нь тал хээрийн, 48.8 хувь нь говийн бүсэд оршдог, 117 мянган хүн амтай томоохон аймаг юм.Нутгийн удирдлагаас аймгийнхаа газарзүйн байршил, дэд бүтцийн хөгжил, түүх дурсгалын давуу талыг ашиглан аялал жуулчлалыг эдийн засгийн гол салбар болгохоор зорьж, тогтвортой, байгальд ээлтэй, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэхээр ажиллаж байна.


УЛААНЦУТГАЛАНТЫН ХҮРХРЭЭ

Бат-Өлзий сумын нутаг Орхон голын баруун биед цутгах Улаан голд үүссэн 20 гаруй метр өндрөөс буух 10 орчим метр өргөн хүрхрээг Улаанцутгалантын хүрхрээ гэх бөгөөд зуны дэлгэр цагт гадаад, дотоодын аялагч, жуулчдын үзэхийг хүсдэг хамгийн үзэсгэлэнтэй газрын нэг юм. Орхон гол нь Гятрууны нуруунаас Хархорин сум хүртэлх 130 километр газарт галт уулын хүрмэн чулуун дундуур урсдаг. Дөрөвдөгч галавын үед Хангайн нуруунаас эх авах Цагаан азарга голын эхэнд галт уул дэлбэрэн оргилж түүний халуун хайлмал бодис нь Орхоны хөндийг уруудан урсаж хэдэн арван км зузаан хүрмэн чулуун хучлага  үүсгэжээ. Тэр хүрмэн чулуун хучлагыг Орхон гол хөрөөдөж урссаар таслан өнөөгийн энэ хавцлыг үүсгэсэн аж. Улаанцутгалантын хүрхрээг түшиглэн 20 гаруй жуулчны бааз үйл ажиллагаа явуулдаг бөгөөд халуун, хүйтэн ус, боловсон бие засах газар, монгол-европ хоол, хорхог, боодгоор үйлчилж байна. Мөн галын наадам хийх, ардын урлагийн тоглолт үзүүлэх, малчин айлд зочлох, монгол тоглоом наадгайгаар наадах, сарлагийн поло зохион байгуулах зэрэг үзвэр үйлчилгээг хүргэх юм. Эдгээр жуулчны баазтай 99151009, 99690512, 99992067, 99114854, 99066686, 99085318 утсаар холбогдож болно.


ХҮЙСИЙН НАЙМАН НУУР

Уянга сумаас баруун хойд зүгт 45 километр зайд, үзэсгэлэнт сайхан Хангайн нурууны дунд галт уулын дэлбэрэлт, суултын дунд үүссэн цар хэлбэрийн хүнхэр газарт орших гайхамшигт сайхан найман нуур бий. Эдгээр нууруудыг Ширээт, Халиут, Бугат, Хаяа, Дөрөө, Онон, Хүйс, Баян-Уул гэх бөгөөд далайн түвшнээс дээш 2700-3165 метр өндөр өргөгдсөн байдаг. Нуурууд хоорондоо 500 метрээс 3 километр хүртэл зайтай оршдогоос хамгийн том нь Ширээт нуур юм. Хүйсийн найман нуурын 7491.3 мянган га талбайг хуш, шинэс зэрэг шилмүүст ой эзэлдэг бөгөөд Урт жалгын тогоо, Довын тогоо, Ар битүүтийн тогоо, Ногоон нуурын тогоо нэртэй сөнөсөн галт уулын тогоонууд байдаг. Мөн 18 зүйлийн хөхтөн, 39 зүйлийн шувуу байнга болон нүүдлийн хэлбэрээр байдаг аж. Байгалийн өвөрмөц тогтоцтой 11.5 мянган га газрыг хамруулсан Хүйсийн найман нуурын байгалийн дурсгалт газрыг УИХ-ын 1995 оны 26 дугаар тогтоолоор баталжээ. Нууранд очих зам бартаа ихтэй тул мориор очдог байсан ч өнгөрсөн жил нутгийн иргэн хувийн хөрөнгөөрөө засварлаж, машин явах боломжтой болгосон байна.

Энэхүү үзэсгэлэнтэй газрыг зорьсноор “Цозгор” ХХК-ийн "Найман нуур" баазад байрлаж, морин, сарлагийн, спорт явган аяллын маршрутаар зугаалах боломж олдох нь ээ. Холбоо барих утас: 99027671, 96657671, 98287671


ТӨВХӨН ХИЙД

Богд Т.Занабазар 1648 онд 14 настайдаа энэхүү байгалийн өвөрмөц тогтоцтой газрыг сонирхон таалж, 1651 онд бясалгал үйлдэх чулуун ханатай жижиг байшин бариулсан бөгөөд түүнийг “Дубхан” буюу “Бүтээх байр” гэж нэрлэжээ. Энэ үг нь явсаар өдгөө “Төвхөн” болсон байна.

Өвөрхангай аймгийн Хужирт сумын төвөөс баруун хойшоо 40 км, Бат-Өлзий сумын төвөөс 50 км зайтай Өндөр-Овоот буюу Шивээт-Улаан хэмээх аглаг ой модоор хүрээлэгдсэн асга хаданд тус хийд орших бөгөөд уулын бэлээс хийд хүртэл 5 км өгсөж хүрнэ.

Өндөр гэгээн Т.Занабазар тус хийдэд сууж байхдаа 1686 онд “Соёмбо” үсгээ зохиож, “Адистэдийн дээдийг харлагч” тэргүүтэй зохиолоо айлдахын сацуу “Тэргүүний нь үс ургаж байсан” гэгдэх гайхамшигт шүтээн дүрээ бүтээж, ур ухааны оргил болсон хосгүй нандин бүтээлүүдээ урлажээ. Төвхөн хийдийг 1992 оноос улсын хамгаалалтад авсан ба 2001 онд улсын төсвөөс хөрөнгө гарган хийдийн 4 сүм, 2 суварга, асарт хаалгыг нь анхны байсан төрх байдлаар нь сэргээн босгосон байна. Сүсэгтэн олон Төвхөн хийдийг энергийн төв хэмээн нэрийдсэн ба эхийн умайгаар орж, өлгий хаданд өлгийдүүлэн дахин төрж, хүслээ шивнэн хийморио сэргээдэг. Энд аяллын үйл ажиллагаа явуулдаг Төвхөн баазтай холбогдох утас: 98051125, “Баясгалан” баазтай холбогдох утас: 99017299, 99057299


ОРХОНЫ ХӨНДИЙН СОЁЛЫН ДУРСГАЛ

Төв Азийн нүүдэлчин ард түмний өлгий нутаг болсон Орхоны хөндийн соёлын дурсгалт газар нь Архангай аймгийн Хотонт, Хашаат, Өвөрхангай аймгийн Хархорин, Бат-Өлзий, Хужирт сумын нутагт 121967 га газрыг эзлэн оршдог. Энд Төв Азийн хоёр мянга гаруй жилийн турш нүүдэлчдийн соёл иргэншил хэрхэн хувьсан өөрчлөгдөж байсныг илтгэх хосгүй нандин дурсгалуудыг агуулдаг байна. Тодруулбал:

·         8-р зууны эхэн үед Хөх Түрэгийн Билгэ хаан, Куль Тегин нарт зориулан босгосон Орхоны бичээс бүхий хөшөөнүүд. Эдгээрийг Оросын археологичид 1889-1893 оны малталтаараа нээсэн байна.

·         Хар балгасын туурь. 8-р зууны үеийн Уйгурын эзэнт улсын нийслэл хот нь ордон, сүм, дуган, дэлгүүр гэх мэт маш олон тооны сүрлэг байгууламжуудтай 50 хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэрийг хамран оршиж байжээ.

·    Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хотын туурь уг хөндийд оршдог.

·   Өгөдэй хааны амьдарч асан 13-14-р зууны үеийн Монгол хааны ордны туурь
Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 123 тоот тогтоолоор Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын хилийн 63 цэгийн газарзүйн байршлыг тогтоож, Дэлхийн Өвийн Хороогоор баталгаажуулсан байна. Дээрх дурсгалт газруудыг аялагч, жуулчдад сонирхуулахаар Орхон голын хөвөөг даган 10 гаруй жуулчны бааз үйл ажиллагаа явуулж байна. Холбогдох утас:

99194342, 98118759, 99114780, 99928430, 99685695, 99104716, 99500854, 99064200, 99998616, 99031027, 99192169, 99891163,
99039163, 99159890.


ЭРДЭНЭЗУУ МУЗЕЙ

Эрдэнэзуу музей нь XVI зууны сүүлээр Монголын эзэнт гүрний нийслэл Хархорумын туурин дээр барьсан бөгөөд 1580 онд Автай сайн хаан, дүү Түмэнхэн ноёнтой хамт III Далай ламтай уулзаж, түүний зөвлөсний дагуу Хархорин хотын туурин дээр үлдсэн чулуун ханыг зөөж авчраад одоогийн Эрдэнэзуу хийдийг босгосон түүхтэй.

Тус хийд хөгжлийнхөө оргил үед 20 га талбай бүхий 108 суваргат хэрмэн хашаатай, 4 талдаа асарт хаалгатай, 60 гаруй сүм дуганы барилга байгууламжтай цогцолбор байсан бол 1930-аад оны хэлмэгдүүлэлтэд хийдийн барилга байгууламжийн ихээхэн хэсэг эвдэрч сүйтгэгджээ.

Эрдэнэзуу хийдийг 1965 онд улсын зэрэглэлтэй, Шашны түүхийн сүм-музей болгосон байна. 1990 онд орон нутгийн сүсэгтэн олны санал хүсэлтийг харгалзан үзэж, шашны хурал, мөргөлийн үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрчээ. Тус музейг жилд дунджаар 50 мянга орчим хүн үзэж сонирхдог ба үүний 50 хувь нь гадаадын жуулчид байна. Музейн сан хөмрөгт нийт 7464 үзмэр, эд өлгийн зүйлс хадгалагдаж байгаагаас 120 нь Монгол Улсын хосгүй үнэт  бүтээл юм.


АРЦ БОГД УУЛ

Өвөрхангай аймгийн Богд сумын нутагт орших Арцбогд уул нь нийт 180 километр үргэлжилдэг бөгөөд ноён оргил нь далайн түвшнээс дээш 2477 метр өндөрт орших Их баян уул юм. Дулаан богд уул /2094 метр/, Зост уул /1580 метр/ гээд олон салбар уулстай аж.

Мөн зүүн, баруун өвөртөө 10 гаруй задгай ус, горхи булагтай учраас Арцбогд ууланд жилийн дөрвөн улиралд манан татаж, хур буун эдгээр усан сангуудаа тэтгэж байдаг.

Дэлхийд ховор чүнчигноров чулуу, өнгө нь гэрэлд үргэлж хувирч харагддаг судалт болор хэмээх эрдэнийн чулуунууд зөвхөн Арц Богдын нуруунд байдаг ажээ. Мөн эртний чулуун зэвсгийн доод үед хамаарах Дарханы газар, Илжгэн чихт хааны мөр, хөвийн хоолойн чулуун хана, Сэрвэнгийн арын Гамингийн тойром, Ноён хутагтын хийдийн туурь, Тэвш уулын хадны моринд хөллөсөн дөрвөн дугуйт тэрэгтэй хүмүүсийн сүг зураг бүхий бичигт хад зэрэг түүхэн дурсгалт газрууд олон бий.

Одоогоор энэхүү үзэсгэлэнт газарт тогтмол үйл ажиллагаа явуулдаг жуулчны бааз байхгүй ба малчид түрээсийн гэрээр үйлчилгээ үзүүлдэг. Богд сумтай хил залгаа Гучин-Ус суманд “Хайрхан” хэмээх бааз байх ба 99007001, 94007001 утсаар холбоо барих аж.


ТЭВШ УУЛ

Өвөрхангай аймгийн Богд сумын зүүн, зүүн хойд талаар салбарлан тогтсон хар хүрэн өнгийн хүрмэн чулуут уулыг Тэвш уул хэмээн нэрлэнэ. Энэхүү уулын эргэн тойронд булш, хиргисүүр, хадны сүг зураг нэн элбэг бөгөөд 1920-иод оноос хойш гадаад, дотоодын археологич эрдэмтэд, хэд хэдэн удаа очиж хайгуул, малтлага хийж иржээ. Энэ газар хүрэл зэвсгийн үеэс дундад зууны үед холбогдох 200 гаруй булш, хиргисүүр, хадны сүг зураг байдаг аж.

Мөн Хүннүгийн оршуулгын газар байх ба 1971, 1972, 1977 онд малтаж судалсан байна. Эндээс нумын ясан наалт, сумын төмөр зэв, ваар сав, хятад хийцийн хүрэл толины хагархай, чий будагтай аяга зэрэг эд зүйлсээс гадна өмнө илэрч байгаагүй улавч хэлбэрийн үйсэн эд, модон чагт, өвөрмөц хэлбэрийн модон тэвш, бүсний модон толь (нүүр) зэрэг эд зүйлс илэрсэн байна.

Эртний олон зуун сүг зурагтайн дотор элдэв ан амьтан, анчин гөрөөчин, мал аж ахуй, хүмүүсийн ахуй амьдралыг тусгасан зураг голлодог. Буга, янгир, адуу, тэмээ, нохой гэх мэтийн олон адгуус амьтныг хонхойлон цохиж дүрсэлсэн байна. Энэ мэт олон сэдэвт зургууд дотроос дөрвөн дугуйтай, ганц гуятай тэргэнд дөрвөн морь хөллөсөн юмуу хигээсгүй хоёр дугуйтай, тэгш өнцөгт дөрвөлжин маягийн суудалтай, ганц аралтай дөрвөн морь хөллөх зориулалт бүхий тэрэг зэрэг хэд хэдэн янзын тэрэгний зургийг дүрсэлсэн нь судлаачдын сонирхлыг илүү их татдаг аж.

Тэвш уулын тэрэг, тэрэгтний зургийг судлах ажил үргэлжилсээр байна.







 



 

Холбоотой мэдээ