Төмөр замын тээвэр нэмэгдэж, зорчигчдын тоо цөөрчээ

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2019-06-24 08:42:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ оны эхний таван сард төмөр замаар нийт 10.9 сая тонн ачаа тээгээд байна. Мөн давхардсан тоогоор 963.1 мянган хүн зорчжээ. Дээрх үзүүлэлтийг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулбал, тээсэн ачаа 643.5 мянган тонноор нэмэгдэж, харин зорчигчдын тоо 67.3 мянгаар буурсан байна.

Төмөр замын тээврийн орлого оны эхний таван сард 2777 тэрбум төгрөг болсон нь өмнөх оны мөн үеийнхээс 40.3 тэрбум төгрөгөөр нэмэгдээд байна. Агаарын тээврээр 1.2 мянган тонн ачаа тээж, давхардсан тоогоор 371.9 мянган хүн зорчоод байна. Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал, тээсэн ачаа 15.4 тонноор буурсан бол зорчигчид 41.7 мянгаар нэмэгджээ. Агаарын тээврийн орлого энэ оны эхний таван сард 151 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 12.3 тэрбум төгрөгөөр буюу 8.9 хувиар нэмэгджээ.

Агаарын тээврээр дотоодод болон гадаадад зорчигч иргэдийн тоо харилцан адилгүй хэмжээгээр өссөн байна. Тодруулбал, агаарын тээврээр дотоодод 154.9 мянган хүн зорчсон бол олон улсад 217 мянган хүн нисжээ. 

Холбоотой мэдээ