“Сайнцагаан-95” спортын бага наадамд иргэдийн оролцоо сайн байлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-06-24 10:06:25
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Сайнцагаан сумын ЗДТГ-аас Чагдаржав сан, БТСГ-тай хамтран есөн багийнхаа иргэдийн дунд  “Сайнцагаан-95” спортын бага наадам зохион байгууллаа.

Энэхүү спортын бага наадмыг Монгол Улсын Сангийн яамны анхны сайд асан Г.Чагдаржавын мэндэлсний 150 жил, Сайнцагаан сум байгуулсаны 95 жилийн ойг угтан зохион байгуулж байгаа ажээ.

“Сайнцагаан-95” спортын бага наадамд долоон багийн 400 гаруй тамирчин спортын таван төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, нийлбэр дүнгээр Мандал баг тэргүүн байр эзэлж, Нарлаг баг удаалж, Тэвш багийн хамт олон гуравдугаар байр эзэлжээ.

“Хөл бөмбөг” төрөлд Айраг баг, “Олс таталт” төрөлд Үйзэн баг, “Дартс” тэмцээнд Нарлаг баг, Сагсан бөмбөгийн тэмцээний эрэгтэй, эмэгтэй төрөлд Нарлаг баг,  Гар бөмбөгийн эрэгтэй төрөлд Нарлаг баг, эмэгтэй төрөлд Мандал баг тус тус түрүүлж, бусад багаа хошуучилжээ.

Тус аймгийн Сайнцагаан сум 9 багтай. Төвийн тав, хөдөөгийн дөрвөн багтай бөгөөд төв, хөдөөгийн баг хосолсон, аймгийн төвийн сум гэдгээрээ онцлог.

Энэ удаагийн спортын бага наадамд төвийн багууд бусад багаасаа илүү амжилт гарган оролцжээ. 

Холбоотой мэдээ