Зуун буудалт даамын тэмцээнд 5-80 насны 80 гаруй иргэн оролцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-06-24 13:46:19

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Засаг даргын ивээл дор Зуун буудалт даамын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн боллоо.

Даамын спортыг хөгжүүлэх,  олон нийтэд түгээн дэлгэрүүлэх,  тус  спортоор  хичээллэдэг  тамирчдыг идэвхжүүлэх, тэдний ур чадварыг дээшлүүлэх, улмаар даамын спорт сонирхогчдын хүрээг тэлэх зорилготой энэхүү тэмцээнийг 2019 он гарснаар  анх удаа зохион байгуулж байгаагаараа онцлог юм.

Ховд аймгийн 17 сумын нийт иргэдийн дунд эрэгтэй, эмэгтэй хоёр төрлөөр нас харалзахгүй зохион байгуулсан тус тэмцээнд 5-80 насны нийт 80 гаруй иргэн оролцож, оюун ухаан, ур чадвараа дайчлан өрсөлдөв.

Зуун буудалт даамын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн нь швейцар системээр явагдсан ба нэг өргийн үргэлжлэх хугацаа 1 цаг байсан. Тэмцээний шүүгчээр 3 хүн ажилласан бөгөөд оноолтыг цахим системээр хийж, улмаар шилдэг оролцогчдыг тодрууллаа.

Тэмцээний  эрэгтэй төрөлд:  

Тэргүүн байрт Б.Нармандах /Төрийн банк/

Дэд байрт М.Мейрамбек /Ховд сумын иргэн/

Гуравдугаар байрт Х.Төмөрбаатар /ГХБХБГ/

Тусгай байрт Б.Энхбаяр /Мянган хожил шатрын клуб/

Тусгай байрт Д.Баасанжав /\Цаст-Алтай цогцолбор сургууль/

Эмэгтэй төрөлд:

Тэргүүн байрт  Г.Сувдаа /Жаргалант сумын ЗДТ/

Дэд байрт М.Оюунчимэг /Ховд их сургуул/

Гуравдугаар байрт Н.Гантуяа /Жаргалан багийн иргэн/

Тусгай байрт Н.Амарзаяа /Лаборатори нэгдүгээр сургууль/

Тусгай байрт Т.Лиза /Ховд сумын иргэ/ тус тус  шалгарч, өргөмжөл, медаль, мөнгөн шагнал гардан авав.

Ховд аймгийн Даамын холбоо нь 1988 оноос эхлэн 31 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Тус холбоо тэргүүлэгч 9 гишүүнтэй. Одоогийн байдлаар аймгийн хэмжээнд даамын спортын мастер зэрэгтэй нэг тамирчин, дэд мастер цолтой 10 гаруй тамирчин, тус спортыг сонирхон хичээллэдэг 100 орчим  иргэн бий.

Орон нутагт даамын спорт клуб байхгүй бөгөөд цаашид ерөнхий боловсролын сургуулиудыг түшиглэн даамын клуб байгуулж, хүүхэд багачууд, өсвөр үе, залуучуудыг энэ төрлийн спортоор хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Мөн цаашид насанд хүрэгчид ба өсвөр үеийн даамын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн, блиц буюу 5 минутын тоглолт зэргийг аймаг орон нутаг, баруун бүсийн хэмжээнд зохион байгуулахаар төлөвлөсөн гэж албаныхан мэдээллээ.


 

 

 

 

Холбоотой мэдээ