"Онон хатан ижий" найргийн наадамд Т.Баянсан түрүүлэв

Монголын мэдээ | Соёл урлаг
183@montsame.mn
2019-06-24 14:11:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын төрийн соёрхолт яруу найрагч Нямбуугийн Нямдоржийн нэрэмжит "Онон хатан ижий" яруу найргийн наадам энэ сарын 21-22-нд Хэнтий аймгийн Батширээт суманд боллоо. Нямбуугийн Нямдорж найрагчийн мэндэлсний 86 жилийн ойд зориулсан яруу найргийн наадмын хоёр дахь шатанд 28 найрагч шүлгээ уншсан байна.

1990 оноос хойш долоо дахь удаагаа болсон энэхүү наадмын тэргүүн байрт Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч Т.Баянсан шалгарчээ.


Дэд байрт Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч, манай МОНЦАМЭ агентлагийн тоймч Б.Алтанхуяг шалгарсан байна. Гуравдугаар байрт яруу найрагч Д.Цогбадрах, дөрөвдүгээр байрт яруу найрагч О.Элбэгтөгс, тавдугаар байрт яруу найрагч А.Азсайхан нар шалгарав. Төрийн шагналт яруу найрагч Р.Чойномын нэрэмжит "Өд" сангийн шагналаар  яруу найрагч Х.Доржпаламыг шагнасан байна. 

"Онон хатан ижий" наадмын хамгийн хүндтэй шагнал нь Монгол Улсын төрийн шагналт яруу найрагч Нямбуугийн Нямдоржийн нэрэмжит шагнал юм. Энэхүү шагналын эзнээр Н.Нямдорж найрагчийн уран бүтээл, амьдралын анд нөхөр Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ломбын Нямааг өргөмжлөн алдаршуулжээ.Энэ нэрэмжит шагналыг Нямбуугийн Нямдорж найрагчийн гэр бүл, үр хүүхдүүд, "Нямбуугийн Нямдорж" сангаас таван жил тутамд олгож байхаар шийдвэрлэсэн аж. 

"Онон хатан ижий" яруу найргийн наадамд оролцсон яруу найрагчид Нямбуугийн Нямдоржийн нэрэмжит Хэнтий аймгийн Батширээт сумын дунд сургуультай танилцаж, тус сургуулийн монгол уран бичлэгийн дугуйлангийн сурагчдын бүтээлийг үзэж сонирхжээ. Мөн их найрагчийн төрсөн тоонот Бүрхийн төгөл, Их Монгол Улсыг байгуулан Их хуралдайг анх хийсэн түүхт нутаг Монгол толгой, Онон, Бархын голоор аялж, шүлэг найргаа уншсан байна.

Холбоотой мэдээ