"Хурд" хамтлаг соён гэгээрлийн аян эхлүүлэв

Монголын мэдээ | Соёл урлаг
183@montsame.mn
2019-06-24 17:45:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/ "Хурд" хамтлагийнхан өнөөдрийн 12 цагт  Маршал таунаас Хэнтий аймгийг зорих аян замдаа гарлаа. Тус хамтлагийнхан “Хайртай” нэртэй тоглолт, соён гэгээрлийн аянаа ийнхүү  эхлүүлж байна.

Хурд хамтлагийнхан энэхүү аянаараа  21 аймгийг тойрон үнэ төлбөргүй тоглолт хийж, соён гэгээрлийн уулзалт, ёслолууд зохион байгуулна.  “Хайртай” аяны  багт дөч гаруй залуу уран бүтээлч, лектор, арын албаныхан хамтран ажиллах бөгөөд  Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх дэмжин ажиллаж байгааг энэ үеэр дуулгав.



"Хурд" хамтлагийн ахлагч, МУГЖ Д.Отгонбаяр:

- Хайр гэдэг агуу зүйл Монгол түмэнд яг одоо ус агаар мэт  дутагдаад байгаа юм. Манай  хамтлагаас санаачилсан  аян өнөөдрөөс эхлээд  21 аймгийг   тойрон аялан тоглолт хийнэ. Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Сайшанд, Замын-Үүд, Говьсүмбэр, Багануурт эхний аянаа хийж, залуучуудын уулзалт, цэрэг, эх орон болоод эрчүүд рүүгээ хандсан бүтээл хийхээр төлөвлөж байна. Миний хувьд, залуу уран бүтээлчидтэйгээ энэхүү аяныг эхлүүлж байгаадаа баяртай байна. "Voice"-ийн уран бүтээлч залуучууд хамтран ажиллаж байна. Бид дэргэдээ байгаа зүйлээ хайрладаггүй, анзаардаггүй, байгаа зүйлдээ сэтгэл ханадаггүй болчихжээ. Иймээс нийгмийн хар "масс"-ыг авч хаях, сэтгэл зүйг цэвэрлэхэд, ухааруулахад энэ аян маань үлгэр дуурайлал болно гэдэгт итгэж байна. Бид эх орондоо хайртай байх хэрэгтэй. Хамгийн гол нь нэг нэгнээ хайрлах хэрэгтэй гэдгийг ухааруулах, түмэнд сонордуулах зорилгоор энэхүү аянаа эхлүүлж байна.



 "Хурд" хамтлагийн дуучин Г.Ариунбаатар:

-"Хурд" хамтлаг байгуулагдаад 25 жил болсон ч Монгол орноо бүтэн тойрсон нь цөөхөн. Энэ удаагийн аян маань үнэгүй гэдгээрээ онцлог.  Ард түмэндээ талархсан сэтгэгдлээ илэрхийлж аялан тойрох гэж байна.  Аяны гол зорилго бол нэгнээ хайрлах, хамтдаа  соён гэгээрэх, аливаад  хүлээцтэй хандах, монгол ёс заншил, өв уламжлалаа сэргээх, нийгэмд үүнийг дуулгах хэрэгцээнд тулгуурлаж байна. Нийгмийн сэтгэл зүй савалгаатай байгаа энэ цаг үед  урлаг уран бүтээлчдээ төлөөлөн түүчээлээд, соён гэгээрлийн замыг гаргах гэж  байгаадаа сэтгэл хангалуун байна. "Хурд" хамтлагийн дуу хөгжмийн техник хэрэгслийг ачсан  урт цуваа үүслээ. Монголд үндэсний  урлаг, соёлын  контент гэж бараг байхгүй. Гэтэл бид ямар том соёлын өв бүтээгчид билээ. Тиймээс аяны хүрээнд мөн үндэсний контент бэлдэхээр жилийн өмнөөс төлөвлөн ажилласан.  Энэхүү аяныг эдийн засаг болон бие хүч сэтгэлээрээ дэмжин ажиллаж байгаа нийт байгуллага, уран бүтээлч, төр засаг, хувь хүмүүстэй талархаж байгаагаа илэрхийлье. "Хурд" та бүхэнд хайртай. "Хурд" Монголдоо хайртай. "Хурд" бүхэнд хайртай” гэв. Ийнхүү тэд аян замдаа гарлаа.


                                                                                                                                                                                    Д.Отгонцагаан

Холбоотой мэдээ