Дугуйчид улсын аваргын төлөө хурдаа сорилоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-06-24 16:25:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын дугуйн холбоо /МДХ/-ны Ерөнхийлөгчийн нэрэмжит засмал замын улсын аварга шалгаруулах дугуйн уралдаанд 10 гаруй клубийн 60 орчим мэргэжлийн тамирчин өрсөлдөж хурд хүч, ур чадвар, тэсвэр хатуужлаа сорилоо.


Энэхүү 47 дахь удаагийн АШТ нийт 6 төрлөөр болж дүнгээ гаргасан бөгөөд ганцаарчилсан төрлийн цуваа гараат, эрэгтэйчүүдийн 50 км-ын уралдаанд “Хас” банкны тамирчин Э.Болор-Эрдэнэ түрүүлж, алтан медаль хүртэв. Харин “Алдар” БТСХ-ны тамирчин Б.Тэгшбаяр мөнгөн медаль, “Хас” банкны тамирчин Э.Билгүүнжаргал хүрэл медалийн эзэн боллоо.



Эмэгтэй дугуйчдын 25 км-ийн уралдаанд  “Алдар”-ын тамирчин Ц.Солонго, “Аттила” клубийн тамирчин Ж.Анужин, Н.Золжаргал нар шалгарч алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ. Тэмцээн насанд хүрэгчдийн 75 км-ийн эрэгтэй багийн уралдаанаар үргэлжилж нэгдүгээр байрт Хас банк, хоёрт “Алдар”, гуравт Аттила клуб шалгарсан байна.


Тэмцээний бөөн гарааны уралдааны нэгдүгээрт насан хүрэгчдийн 150 км-ийн зайд нийт 33 эрэгтэй тамирчин уралджээ. “Аттила” клубийн тамирчин Б.Наранхүү хурд хүчээр илүүрхэн түрүүлж, алтан медаль хүртлээ. Харин “Алдар”-ын тамирчин С.Жамбалжамц хоёрдугаар байр эзэлж, мөнгөн медаль, Хас банкны тамирчин Э.Билгүүнжаргал гуравт орж, хүрэл медалийн эзэн болов.

Тэмцээний бөөн гарааны хоёрдугаар шатны насанд хүрэгчдийн эмэгтэй 50 км-ийн зайн уралдаан өмнөх жилүүдийнхээс илүү өрсөлдөөнтэй болсныг зохион байгуулагчид нь онцолж байна. Тус төрөлд “Аттила” клубийн тамирчин Ж.Анужин тэргүүлсэн бол дэд байрт “Алдар”-ын тамирчин Ц.Солонго, гуравт Төв аймгийн тамирчин Б.Номин-Эрдэнэ шалгарч алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болов. Харин насанд хүрэгчдийн эмэгтэй 30 км-ийн зайн багийн уралдааны төрөлд “Атилла” клуб тэргүүлж, хоёрт “Алдар” орсон бол гуравт Төв аймгийн тамирчид орлоо.

Монголын дугуйн холбооны Ерөнхийлөгчийн нэрэмжит 2019 оны насанд хүрэгчдийн Засмал замын дугуйн Улсын аварга шалгаруулах тэмцээний байгууллагын нийлбэр дүнгээр “Алдар” биеийн тамир спортын хорооны тамирчид тэргүүн байр эзэлж, “Аттила” клубийн тамирчид хоёрт жагссан бол удаад нь Дархан Элит баг шалгарлаа.

Засмал замын улсын аварга шалгаруулах дугуйн уралдааныг Монголын дугуйн холбоог байгуулсны 60 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан бөгөөд 2020 оны Токиогийн олимпод тамирчдаа оролцуулах чин зорилготой ажиллаж байгаагаа МДХ-ны Ерөнхийлөгч П.Ганхүү онцоллоо.

 

Холбоотой мэдээ