Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд иргэдээс ирсэн санал, дүгнэлтийг нэгтгэж эхэллээ

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2019-06-25 13:44:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Тамгын газраас Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд иргэд, олон нийтээс ирүүлсэн санал, дүгнэлтийг нэгтгэх ажлыг өнөөдрөөс эхлүүллээ.


“Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын баг байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын хэрэгжилтийн хүрээнд Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайханы захирамжаар гурван дэд ажлын баг байгуулсан.


Энэ ажлын хүрээнд, УИХ-ын Тамгын газрын Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэнгээр ахлуулсан дэд ажлын хэсэг өнөөдөр хуралдаж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар иргэд, олон нийтээс ирүүлсэн санал, дүгнэлтийг нэгтгэх ажлыг зохион байгуулахаар шийдвэрлэжээ.


Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хүрээнд иргэдээс цаасаар, утсаар, цахим хуудсаар ирүүлж байгаа санал нэг бүрийг цахим программд оруулж нэгтгэх, санал дүгнэлт боловсруулах, зохион байгуулах талаар УИХ-ын Тамгын газрын Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн, Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Ц.Борхүү, Захиргаа, санхүү үйлчилгээний хэлтсийн дарга Л.Хосбаяр, Мэдээлэл, хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Б.Эрдэнэбилэгт  нар Тамгын  газрын ажилтнуудад мэдээлэл өгөв. 


Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 11.4-д  заасны дагуу УИХ-ын гишүүд орон нутаг, тойрогтоо ажиллаж, олон нийтийн санал бодлыг сонсох, төслийн талаар танилцуулахаар 7 хоног ажиллаж байна. Энэ ажлыг УИХ-ын Тамгын газраас дэмжин, УИХ-ын гишүүдтэй Хууль эрх зүйн хэлтсийн ажилтнууд болон Үндсэн хуулиар мэргэшсэн эрдэмтэн судлаачид хамтран ажиллаж, иргэдийн асуултад хариулж байна. Өнөөдрийн байдлаар, 40 гаруй гишүүн тойрог, орон нутагтаа ажиллаж, 20 гаруй мянган иргэнд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулаад байгааг Тамгын газрын Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн мэдээллийн үеэр онцлов.


Мөн тэрбээр, УИХ-ын Тамгын газрын ажилтнууд шаардлагатай тохиолдолд өдөр шөнөгүй, амралтын өдөр гэлтгүй илүү цагаар  ажиллаж, иргэдээс ирүүлсэн санал, дүгнэлтийг нэгтгэх болсныг онцоллоо. Түүнчлэн санал, дүгнэлтийг  “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий” ажлын багийн  дэд ажлын багийнханд энэ сарын 28-ны өдөр хүлээлгэн өгөх тул хариуцлагатай, шуурхай ажиллахыг анхааруулав.

Холбоотой мэдээ