“Бүтээлч Ази” олон улсын үзэсгэлэнг нээлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-06-25 15:36:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын хувцас дизайны хамтарсан үзэсгэлэн өнөөдөр “Bluemoon галерейд нээлтээ хийлээ. Жил болгон өөр өөр улс оронд гаргадаг “Бүтээлч Ази” үзэсгэлэнг Монголд анх удаа гаргаж буй нь энэ юм.

 Үзэсгэлэнд Монгол улс, БНСУ, БНХАУ, ОХУ, Узбекистан,  Вьетнам, Тайвань, Пакистан  улсын  загвар зохион бүтээгч нарын  100 гаруй бүтээл тавьсан бөгөөд үзэсгэлэнг энэ сарын 24-28-нд өөр өөр байранд дэлгэх аж.


Үзэсгэлэнд бүтээлээ тавьсан уран бүтээлчдийн сэтгэгдлийг сонирхлоо.


БНСУ-ын Хувцас загварын бизнесийн холбооны ерөнхийлөгч, Ph.D, профессор Кан Хо Суп:

-Хамтын  ажиллагаа гэдэг бол нэгэнтэйгээ хамтарч ажиллах, нэг нэгнээсээ сурах зорилготой байдаг юм. Дээр үед барууны соёл торгоны замаар дамжин Монголоос Солонгост ирсэн түүхтэй. XXI зууны шинэ торгоны замын үе эхэлж байна. Хувцас загвар үйлдвэртэйгээ хамтарч хөгжих ёстой байдаг. Миний монгол шавь “Говь кашимер” үйлдвэрт ажиллаж байна. Маргааш тэр үйлдвэрт бид ажиллана. Монгол болон Солонгосын хувцас загварын гол ялгааг одоогоор олж хараагүй байна.  Учир нь, хувцас загварт  нэг нэгнээсээ түрүүлж алхана гэхээсээ илүү өөр өөрсдийн өвөрмөц онцлог, хэв маягаараа улс орнууд ялгарч байдаг. Тиймээс олон орны өөр өөр ёс заншил, ахуй дунд өссөн сэтгэлгээний өвөрмөц онцлог дүр төрх, уур амьсгалыг бүрдүүлсэн бүтээлүүдээр үзэсгэлэн гаргаснаар нэг нэгнээсээ суралцах боломж олдож байна. Үзэсгэлэнд тавьсан Солонгосын загваруудын онцлог бол Монголд ирээд төрсөн мэдрэмжээсээ улбаалан эртний солонгос бичиг  болон босоо монгол бичгийг оруулан бүтээсэн загварууд байна. Энэ загваруудаа Сөүлд мөн танилцуулсан. Энэ удаагийн үзэсгэлэн Монголд анх удаа зохиогдож байгаа ч цаашдаа  илүү өргөжин, өргөн хүрээг хамарна гэдэгт итгэлтэй байна.


СУИС-ийн Дүрслэх дизайны сургуулийн оюутан Т.Солонго:

-Монголд хамгийн их олддог түүхий эд болох эсгийг тааран маарал /марли/-тай хольж холимог техник ашиглан хүрэм хийснээ энэхүү үзэсгэлэнд тавьсан. Эко болон минимал хэв загварыг бий болгохыг зорьсон. Энэ загвар маань бүхэл коллекцын хэмжээнд гарсан боловч үзэсгэлэнд нэг л загварыг тавиад байна. Загварын хувьд, “Хаврын гоёл”-д шилдэг дикстайл шагнал авсан. Монгол анх удаа олон улсын дизайн, загварын үзэсгэлэн гарч байна. Үзэсгэлэнгийн загварыг өлгөөд харуулах бус охидууд өмсөж танилцуулан, загварын сэтгүүлийг үзэгчдэд хүртээмжтэй өгч байгаагаараа онцлог. Ганцхан уран зураг загвараа хананд өлгөөд орхилгүй, хувцас загварын үзүүлэх хэмжээнд хүргэж байгаа нь мэдрэмж, хүртэхүйг монгол түмэндээ ойлгуулж өглөө. Олон улсын шинж чанартай учраас өөр өөрийн онцлог өнгө төрхийг гаргасан хувцас загвар их байна. Солонгосын хувцас загвар ихээхэн сонирхол татаж байна. Монголын 25 гаруй загварын хувцас олон нийтэд хүрч байна. Манай Монголын залуу урлаач, дизайнеруудад илүү ихийг бүтээх, туурвих сэдэл өгсөн өдөрлөг болж байна. Сэтгэгдэл маш өндөр байна.

                                                                                                                                                                                    Д.Отгонцагаан

 

Холбоотой мэдээ