Зэрэг сум дахь Гал түймэр унтраах, аврах 70 дугаар анги нээлтээ хийв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Зэрэг сум дахь Гал түймэр унтраах, аврах 70 дугаар ангийн нээлт боллоо.
Нээлтэд ОБЕГ-ын
дарга, хошууч генерал Т.Бадрал болон Ховд, Увс, Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай
аймгийн ОБГ-ын дарга, Зэрэг сум дахь Гал түймэр унтраах, аврах 70 дугаар ангийн
захирагч, нийт бие бүрэлдэхүүн оролцов.
Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 192 дугаар тогтоолоор Ховд аймгийн Зэрэг суманд дөрөвдүгээр зэрэглэлийн “Гал түймэр унтраах, аврах 70 дугаар анги” байгуулж, өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн албан бусаар үйл ажиллагаа явуулж байсан.
Тэгвэл “Аварна, хамгаална,
тусална” уриатай тус анги хамт олон өдгөө албан ёсоор үйл ажиллагаагаа
эхэлсэн нь энэ юм.
Тус анги 32 алба хаагчтай,
үндсэн ба шуурхай, туслах албаны 3 техник хэрэгсэлтэй. Ховд аймгийн Зэрэг
сумаас гадна Чандмань, Дарви, Мөст, Манхан сумын нутаг дэвсгэрт гал түймэртэй
тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх, аврах ажиллагаа явуулж байна.
Тус анги нь аймгийн
ИТХ-ын шийдвэрээр Зэрэг сум дахь Ахуйн үйлчилгээний байранд засвар хийж, ангийн
байр болгожээ. Ангийн
байр
нь Зэрэг сум дахь шуурхай удирдлага зарлан мэдээллийн төв, албаны музей бүхий
34 өрөөтэй.
Зэрэг сум дахь Гал
түймэр унтраах, аврах 70 дугаар ангийн захирагч Ц.Чунагсүрэн хэлэхдээ, Манай хамт олон Ховд аймгийн зүүн бүсийн таван сумын нутаг
дэвсгэрт гарсан аюулт үзэгдэл, ослын үед гамшгаас хамгаалах үйлчилгээг ард иргэдэд цаг алдалгүй шуурхай
үзүүлж, болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлж ажиллаж байна. Энэ үйл
ажиллагааг цаашид өргөжүүлэх, ангиа
ОБГ-ын хэлтэс болгон хөгжүүлэх, гамшиг, галын байцаагчтай болохыг зорьж байна
гэлээ.
Тус анги хамт олон одоогийн байдлаар Зэрэг сумын нутагт аюул, гамшиг ослын дуудлагаар 3, гал түймрийн
дуудлагаар 4 удаа шуурхай ажиллаж, үүрэг гүйцэтгэсэн
байна. Тухайлбал, саяхан Зэрэг сумын төвөөс 45 км зайд
500 м хаданд хашигдсан 40 орчим ямааг иргэний хамт аварч хадан хясаанаас
буулгажээ.