Засгийн газар ШУА-ийн эрдэмтэн, судлаачидтай хамтарч ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-06-26 12:57:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн, судлаачидтай уулзаж тус салбарын өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн төлвийн талаар санал солилцов. 


Засгийн газар шинжлэх ухаанд тулгуурласан урт хугацааны, тогтвортой бодлогогүй, сахилга хариуцлага, дэг журам алдагдсан нь улс орны хөгжилд сөргөөр нөлөөлж буйг Ерөнхий сайд У.Хүрэлсүх онцоллоо. Тиймээс эрдэмтэн, судлаачидтай хамтарч ажиллах зайлшгүй шаардлага Монгол Улсын Засгийн газарт байгааг хэллээ. Энэ оны есдүгээр сард шинжлэх ухааны салбарын улсын зөвлөгөөн зохион байгуулж, хүндрэл бэрхшээл, тулгамдаж байгаа асуудал, шийдвэрлэх арга замын талаар ярилцахаар төлөвлөж буйгаа мөн танилцуулсан юм.


Харин эрдэмтэн, судлаачид тус салбарын хөрөнгө оруулалтыг нэмэхийг Ерөнхий сайдаас хүсэж байлаа. Мөн Засгийн газар Шинжлэх ухааны академи, хүрээлэнгүүдээр захиалгат ажил гүйцэтгүүлж байх, ШУА-ийн нэгдсэн лаборатори, парктай болох, судалгаа, шинжилгээний ажилд шаардлагатай багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн гаалийн татварыг хөнгөлөх, өв соёл, уламжлалд суурилсан соён гэгээрүүлэх ажил өрнүүлж, монгол судлалыг хөгжүүлэхэд дэмжихийг хүслээ.

Холбоотой мэдээ