Буудлагын спортын 2019 оны улсын аваргууд тодорлоо

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2019-06-26 13:24:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Буудлага спортын насанд хүрэгчдийн 2019 оны улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 20-26-нд Техник спортын төв /ТСТ/-д болон “Аварга” клубт явагдаж буудлагын 14 дасгалаар шилдгүүдээ шалгаруулан, өнөөдөр дуусаж байна.


УАШТ-ий 25 метрийн спорт гар бууны төрөлд Ц.Баярцэцэг 1-р байр, Ц.Мөнхзул 2-р байр, Т.Баярмаа 3-р байр тус тус эзэллээ.



Харин 10 метрийн хийн урт бууны холимог багийн тэмцээнд “Хүч” спорт хорооны тамирчин ОУХМ Г.Нандинзаяа /эмэгтэй/, ОУХМ Бишрэл нар 1-р байр алтан медаль, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ О.Янжинлхам, ОУХМ Н.Баяраа нар 2-р байр мөнгөн медаль, “Снайпер” багийн тамирчин ОУХМ О.Есүгэн, ОУХМ Ц.Мөнх-Эрдэнэ нар 3-р байр эзэлж хүрэл медаль хүртлээ.


Мөн эрэгтэйчүүдийн 25 метрийн хийн гар бууны дасгалд “Токио-2020” олимпын эрх авсан ОУХМ Э.Даваахүү алтан медаль хүртэж, Монгол Улсын дээд амжилтыг шинээр тогтоов. Харин эмэгтэйчүүдийн 50 метрийн гурван байдлаас буудах дасгалд ОУХМ О.Янжинлхам тэргүүлж, дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна.



Хийн гар бууны 10 метрийн дасгалд Бээжингийн олимпын мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа тэргүүлсэн бол эмэгтэйчүүдийн хийн урт бууны 50 метрийн дасгалд Азийн наадмын аварга, ОУХМ Г.Нандинзаяа, эрэгтэйчүүдээс Б.Бишрэл нар тэргүүлж Монгол Улсын 2019 оны аварга боллоо. Өнөөдөр холимог багийн тэмцээний аваргууд тодрох юм.    

Холбоотой мэдээ