Төсвийг хөгжлийн бодлого, зорилтуудтай уялдуулснаар үр ашиггүй зардал гаргахаас зайлсхийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-06-26 16:50:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төсвийн байнгын хороо, Төсвийн зарлагын хяналтын дэд хорооноос “Төсвийн хууль тогтоомжийн хэрэгжилт, гарч буй үр дагавар, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.


Төсвийн тухай, Төрийн аудитын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн уялдаа холбоо, түүний хэрэгжилтийн байдал, төсвийн төлөвлөлт, гүйцэтгэл, хяналт шалгалтад тулгамдаж буй асуудал, түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцэх зорилготой хэлэлцүүлэгт Сангийн яам, Үндэсний аудитын газар, Аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны дарга нар, Аймаг, нийслэлийн Төрийн аудитын газрын дарга нар болон эрдэмтэн , судлаачдын төлөөлөл оролцлоо.


Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны гишүүн Н.Амарзаяа хэлсэн үгэндээ, УИХ-аар 2020 оны төсөв хэлэлцэхээс өмнө энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулснаар төсвийн зөв зарцуулалтад шилжихэд чухал ач холбогдолтой болохыг онцлов. Мөн тэрбээр Төсвийн тухай хууль тогтоомжийг сайжруулах, төсвийн тогтвортой байдлыг хангах эрх зүйн орчны өөрчлөлт, цаашид анхаарах асуудлын талаар илтгэл тавилаа.


УИХ-ын гишүүн, Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга З.Нарантуяа төсвийн зарлагын төлөвлөлтийг хөгжлийн бодлого, зорилтуудыг хэрэгжүүлэхээртөлөвлөх, үр дүнгүй төсөл, хөтөлбөрт хөрөнгө оруулахгүй байх, дэд бүтцийн барилга байгууламжийн урт хугацааны ашиглалт, арчилгааны стандарт, хяналтыг сайжруулах шаардлагатай байгааг дурдлаа. Ингэснээр үр ашиггүй нэмэлт зардал гаргахаас зайлсхийх боломж бүрдэнэ хэмээн үзэж байгаа аж.


Мөн салбарын яам, газар, орон нутгийн холбогдох албадын дарга нар тус тусын тулгамдаж буй асуудлыг хөндсөн илтгэл хэлэлцүүлсэн. Хэлэлцүүлэгт оролцогчид хэлэлцүүлгийн сэдэвтэй холбогдуулан нээлттэй санал бодлоо илэрхийлсэн бөгөөд төгсгөлд нь зөвлөмж гаргалаа. Уг зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллах чиглэлээр дор бүрнээ анхаарах захиас даалгаврыг хэлэлцүүлэг даргалагч УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны гишүүн Н.Амарзаяа хэллээ.

Холбоотой мэдээ