Бразилын цэргийн албан хаагч кокаин тээвэрлэсэн хэргээр баривчлагджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
МАДРИД. /Reuters/. Севилья хотыг зорьж явсан цэргийн нисэх онгоцоор гурван уут кокаин тээвэрлэсэн Бразилын Агаарын цэргийн хүчний албан хаагчийг Испанийн цагдаа нар баривчилжээ. Үүнээс гадна Бразилын Ерөнхийлөгч Жаир Болсонару тус хотын нисэх онгоцны буудалд түр зогсолт хийх хуваарьтай байсан гэж албаны хүмүүс мэдээлэв.
Харин Бразилын Агаарын цэргийн хүчин энэ асуудлын талаар, "манай албан хаагч хар тамхины хууль бус наймааны хэргээр баривчлагдсан бөгөөд уг хэргийг Бразилын цэргийн цагдаа нар мөн мөрдөн шалгаж байна" гэж мэдэгджээ.
Испанийн цагдаагийн газрын эх сурвалжууд, "Токио хот руу нисэхээр түр зогсолт хийж байсан цэргийн нисэх онгоцонд мягмар гарагт шалгалж хийж, гурван тээшнээс 39 килограмм хар тамхи илрүүлсэн" гэж мэдээлсэн байна.
Бразилын дэд Ерөнхийлөгч Хамилтон Мурао сэтгүүлч нарт өгсөн ярилцлагадаа, "уг сэжигтэн нь Ерөнхийлөгч Жаир Болсонаруг "Их-20"-ийн орнуудын дээд хэмжээний уулзалтад оролцохоор Японыг зорих аяллыг дагалдан явсан" гэж хэлжээ. Сэжигтэн Испанид үлдэж, Ерөнхийлөгчийн онгоцыг буцах үед суух ёстой байжээ.