Тойргийн иргэддээ Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
boloroo8136@gmail.com
2019-06-27 14:23:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын иргэдтэй өнөөдөр уулзаж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгах саналыг нь сонслоо.


Энэхүү уулзалтад УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах зөвлөх Ц.Батбаатар, зөвлөх С.Энхцэцэг нар оролцож, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг дэлгэрэнгүй танилцуулсан юм.

Тус аймгийн бүх сум “Аравт”-ын систем нэвтрүүлж байгаа бөгөөд уулзалтад 66 аравтын ахлагч, төрийн албан хаагчдын төлөөлөл зэрэг нийт 90 гаруй хүн оролцов. 

 

Тус сумын 3 дугаар багийн иргэн С.Байгалмаа: Байгалийн баялгийг тэгш, шударга хуваарилж ашиглах зохицуулалтыг тусгасан нь сайн талтай байна. Гэхдээ байгалийн баялгийг ашиглахдаа алсын хараатай, нэгдсэн бодлого төлөвлөлттэй байх хэрэгтэй. Үүнийг Үндсэн хуульд тодорхой тусгах байх гэж бодож байна. Мөн улс төрийн намын санхүүжилтийг ил тод болгох нь зүйтэй. Хууль зөрчвөл сонгуульд нэр дэвших эрхийг нь хасах хүртэл арга хэмжээ авдаг болмоор байна. УИХ-ын гишүүд хууль батлах үндсэн ажлаа хариуцлагатай хийдэг болохын тулд ядаж 45 гишүүний саналаар хуулийг баталдаг болох хэрэгтэй.         

5 дугаар багийн иргэн Н.Баатарчулуун: Үндсэн хуульд сумын хөгжлийн талаар нарийвчилсан зохицуулалт оруулах хэрэгтэй. Газар нутаг багатай, хүн ам цөөн сум олон байна. Цаашид сумдаа энэ байдлаар нь байлгаад байх уу, эсхүл нэгтгэж хөгжүүлэх үү гэдгээ тодорхой болгох хэрэгтэй. УИХ-ын гишүүнд тавих шалгуурыг илүү өндөрсгөмөөр байна. Парламентад туршлагатай, чадвартай хүн гардаг болмоор байна. УИХ, Засгийн газрын хариуцлагыг нэмэгдүүлж байгааг дэмжиж байна.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ УИХ-ын сонгуулийн 40 дүгээр тойрог буюу Хэнтий аймгийн Бор-Өндөр, Дархан, Баянмөнх, Дэлгэрхаан, Цэнхэрмандал, Батширээт, Өмнөдэлгэр сумын иргэдийг УИХ-д төлөөлж байгаа юм. Тэрбээр энэ сарын 21-23-нд тойрогтоо ажилласан. Мөн парламентад төлөөлөлгүй болоод байгаа УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойргийн иргэдтэй ч уулзалт хийж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулжээ.


Холбоотой мэдээ