Төрийн албан хаагчид эх хэлээрээ зөв найруулан бичих сургалтад хамрагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-06-28 17:29:06

Завхан /МОНЦАМЭ/. Хэлний бодлогын Завхан аймаг дахь орон тооны бус салбар зөвлөлөөс энэ онд төрийн болон ТББ, ААН-үүдийн ажилтан албан хаагчдыг эх хэлээрээ зөв бичиж олон нийтэд зөв дадлыг өгөхийг уриалсан билээ. Тэгвэл Улиастай сумын төрийн байгууллагууд долоо хоног бүр нэг удаа эх хэлний найруулга зүй, зөв бичих зүйн чадвар олгох жижиг сургалтуудыг хийж эхэлжээ. Тухайлбал аймгийн хүчний байгууллагууд мэргэжлийн сэтгүүлч, монгол хэлний багш нартай хамтран алба хаагч нартаа найруулга зүйн талаарх хичээлийг заалгаж 60 гаруй алба хаагч хамрагдаад байгаа аж.

Хэлний бодлогын зөвлөлөөс "Эх хэлний өдөр"-ийн хүрээнд албан байгууллагууд ажилтан албан хаагчдынхаа найруулан бичих, зөв бичих зүйн ур чадварыг дээшлүүлэх үйл ажиллагааг эрчимтэй явуулахыг үүрэг болгожээ. Мөн Завхан аймгийн Засаг дарга долоо хоног бүрийн лхагва гарагийг "Эх хэлний өдөр" болгон захирамжилж, төрийн байгууллагуудын “Эх хэлний өдөр”-ийг зохион байгуулах удирдамжийг баталж мөрдөн ажиллаж байгаа аж.

Мөн “Эх хэлний өдөр"-ийн хүрээнд албан байгууллагууд ажилтан албан хаагчдынхаа найруулан бичих, зөв бичих, зүйн ур чадварыг дээшлүүлэх, үндэсний хэл, бичгийн сургалтад хамруулах. Үндэсний бичиг сайн эзэмшигч иргэний үйл ажиллагааг түгээн дэлгэрүүлэх, ард иргэдийн гар дээр буй үндэсний бичгээр бичсэн судар номыг сурвалжлан цуглуулах, үзэсгэлэн гаргах, хаягжилт, үзүүлэн самбар, нэрийн хуудас, танилцуулга, өргөмжлөл дурсамж, мэндчилгээ, урилга, талархал зэргийг хос бичгээр бичих зэрэг үйл ажиллагааг эрчимтэй явуулж байна. 

Холбоотой мэдээ