Ухаалаг утас ашиглан 130 гаруй өвчтөнд үйлчилгээ үзүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-06-28 16:35:49

Завхан /МОНЦАМЭ/. Завханы 24 суманд тусгай апплейкшн суулгасан Юнителийн 4G дэмждэг ухаалаг гар утас ашиглаж нийт 130 гаруй өвчтөнд шуурхай үйлчилгээ үзүүлжээ.

Тухайлбал сумын иргэд арьс харшлын өвчнөө оношлуулж эмчлүүлэхийн тулд заавал аймаг болон хотыг зорилгүй, илүү зардал чирэгдэл бололгүй сумын эмчдээ үзүүлэн эмчлүүлэх боломжтой болсон байна. Өнгөрсөн жилийн 11-р сард “Ухаалаг гар утас- арьсны өвчний оношилгоо, эмчилгээ” төслийн хүрээнд 24 сумын 25 эмч тусгай апплейкшн суулгасан Юнителийн 4G дэмждэг ухаалаг гар утсыг хүлээн авч ашиглаж эхэлсэн нь ийнхүү үр дүнгээ өгчээ.

Эмч нар ухаалаг утсаар дамжуулан үйлчлүүлэгчдэд зөвлөгөө өгөх, өвчнийг түргэн шуурхай оношлох, оношилгоо эмчилгээний сүүлийн үеийн мэдээллийг солилцоход ашиглаж байна. Ийнхүү өндөр хурдны интернет сүлжээ ашиглан сумаас аймаг руу, аймгаас АШУҮИС-ийн арьс судлалын тэнхим рүү явуулж, оношийг баталгаажуулан эмчилгээг шуурхай хийх бүрэн боломжтой болсон аж.

Дашрамд дуулгахад, АШУҮИС, АУС-ийн Арьс судлалын тэнхмийн багш, АУ-ны доктор, профессор Б.Хандсүрэн орчин үеийн дэвшилтэт технологийн тусламжтайгаар алслагдсан нутгийн хүн амд төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээг үзүүлэх төслийг анх 2012 оноос эхлүүлжээ. Өнгөрсөн жил Увс, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дорнод аймагт хэрэгжүүлсэн байна. “Хүрээ” ротари клубын дэмжлэгтэйгээр олон улсын Ротари санхүүжилтээр хийж буй энэ төсөл одоогийн байдлаар манай улсын найман аймагт  хэрэгжиж, арьсны өвчнийг алсын зайнаас оношлох, эмчлэх тусламжийг 1700 гаруй хүнд үзүүлээд байгаа ажээ. 


Холбоотой мэдээ