Дэл уулын гайхамшгийг үзээрэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-07-01 12:15:30
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговийн Өлзийт сумын нутагт байдаг нэгэн гайхамшиг бол Дэл Хөнжилийн уул. Энэ бол хадан зургийн галарей гэмээр эртний зургийн томоохон дурсгалуудын нэг юм.

Саяхан аймгийн Музейгээр ороход тэдний ажилтан нь “Улаанбаатараас олон хүн ирж, манай музейгээр орохдоо зөвхөн Дэл уулын зураг, түүхийг л үзэж, танилцчихаад зам асуугаад явж байна, тийшээ очиж үзэх гэж зорьж гарсан гэсэн шүү” хэмээн хуучилсан юм.  

“Дэл Хөнжил уул нь хажуудаа төрж өссөн байтугай зорьж очсон хүмүүст хишиг буянаа харамгүй хүртээдэг нутаг. Сүүлийн жилүүдэд энэ нутгийн тухай эерэг сайхан мэдээлэл ихээр цацагдах болсонтой холбогдуулан Дэл Хөнжилийг зорих хүмүүсийн тоо нэмэгдсэн. Миний бие зарим хүмүүсийг урьж, зарим хүмүүст газарчилж, зарим хүмүүсээс нарийн нандин юмыг нь сонсох гэж олон удаа олон хүмүүстэй хамт очсон. Манай нутаг очсон хүн бүрт хишиг буянаа харамгүй хүртээдэг” хэмээн “Дэл уулын гайхамшиг” ТББ-ын тэргүүн, судлаач Бичээчийн Батмөнх бичсэн байдаг.  

Энэхүү уулнаа МЭӨ 3000 жилээс ХХ зууны дунд үе хүртэлх хүмүүсийн эдийн болон оюуны үнэт дурсгалууд өнөөг хүртэл хадгалагдсаар ирсэн бөгөөд эл нурууны уулс бүхэн бэлээсээ оройгоо хүртэл бараг нэлэнхүйдээ хадны зурагтай ажээ. Зурагнууд нь билүү чулуун хадны бараан өнгөнөөс бараг ялгагдахгүй ажээ. Хадны зургийг голчлон сийлэх, мохоо үзүүртэй багажаар цохиж гаргах зэрэг олон янзын аргыг хэрэглэн зурсан байдаг байна.

"Монгол орны лавлах" эмхэтгэл номд Дэл уулын тухай бичсэн танилцуулгыг толилуулья. Дэл уул нь Дундговь аймгийн Өлзийт сумын Тагт багийн нутагт байх, баруунаас зүүн тийш 17 километр, хойноос урагш 8 километр сунаж тогтсон, жижиг жижиг дэл маягийн хаднуудаас бүрдсэн уул. Өмнөговь аймгийн Манлай, Цогтцэций сумын хилийн зааг дээр урд хэсгээрээ Хөнжилийн уул, хойд хэсгээрээ байгалийн үзэсгэлэнт газар Цагаан суваргатай залган оршдог.

Дэл уул нь тэр чигээрээ хадны сүг зургийн урлан. Энэ ууланд 1986 оноос хойш судалгааны ажлууд хийж байгаа бөгөөд 3000 гаруй сүг зургийн дүрслэл, эртний Түрэгийн руни бичгийн 4 дурсгал, Тан улсын үед хамаарах Монгол болон хятад бичээс, эртний хүмүүсийн оромж маягийн чулуун хашлага, 20 орчим дөрвөлжин булш илэрсэн байдаг.

Янгир, чоно зэрэг олон амьтан, морь тэмээ унасан 50 гаруй хүний дүрслэл, дундад зууны үеийн гэрийн дүрслэл гэх мэт сонирхолтой зургууд бий. Дэл уулын сүг зургийн 3000 дурсгалыг нийт 6 галерей хэсэгт хуваадаг юм байна. Сэдэвчлэн үзвэл хүмүүсийн ахуй амьдрал, овог аймгийн зөрчилдөөн, дайн тулалдаан, ан гөрөө, гэрийн тэжээвэр амьтад, хөсөг тээвэр гэж ангилж болно.

6 дахь галерейд хамаарах Зүүн билүүгийн хадны зурагт янгир, морь, морь унасан хүн, тэмээний зураг арай илүү олон байдаг. Он цагийн хувьд харилцан адилгүй боловч нэг хэв шинжийн бус хэд хэдэн янзаар дүрсэлсэн байна. Эдгээр дотор давхилдаж буй олон морьтонгуудын дүрслэл нь монгол нутагт морь бол хүний гол унаа хөсөг байсныг улам бүр баталгаажуулж байгаа юм. Зүүн билүүгийн хадны зургууд нь хүрэл зэвсэг болон төмрийн түрүү үед хамаардаг.

Мөн олон янгир дунд урт шулуун жад маягийн зэвсэг барьж хөлөө алцайлган хагас суусан байдалтай хүний зураг нэлээд байдаг. Олон адуу туусан морьтой хүний зураг дүрслэл байдаг бөгөөд тухайн үед адууг гаршуулан сүргээр нь хариулдаг байсан болохыг илтгэж буй ажээ. Бугыг олон салаа эвэр бүхийгээр дүрсэлсэн байдаг. Дэл ууланд Элст хөтөл хэмээх газар хоёр дэлний хооронд эртний хүмүүсийн оромж бүхий хавтгай чулуун хашлага буй. Тэдгээр хашлага бүхий дөрвөлжин булшнуудын дотор хавтангийн дээд хэсэгт бүжиглэж буй олон хүнийг цуварсан байдалтайгаар дүрсэлсэн байдаг. Энэ булшийг нутгийнхан гучин хоёр хүн хөшөөтийн дөрвөлжин булш хэмээн нэрлэдэг. Мөн дэл уулын хаданд тамга сийлсэн байх нь их байдаг. Тэдгээрийн дотор хас тамга судлаачдын анхаарал татдаг бөгөөд монголын нүүдэлчид эртнээс нааш энэ тамгыг хэрэглэж ирснийг илэрхийлж байна.

Сонин, содон, гайхамшигтай үзмэр, дүрсгалуудыг үзэж сонирхохыг хүссэн хэн бүхэнд говь нутгийн энэ гайхамшиг нээлттэй байна. Бидний өвөг дээдсийн түүх, соёл, ахуй амьдралыг харуулсан байгалийн өвөрмөц энэ үзмэрийг мөнхөд хадгалан байгаа Дэл, Хөнжилийн уул зорьж ирсэн хүн бүхнийг нууцаа дэлгэн угтах болно. 

Холбоотой мэдээ