Зочлох үйлчилгээнийхэн ур чадвараа сорьж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ
batsaikhan@montsame.mn
2016-04-01 14:12:44

Өнөөдөр Мишээл экспо төвийн үзэсгэлэнгийн танхим хөл хөдөлгөөнтэй байна. Энд "Найрсаг Улаанбаатар" хөтөлбөрийн хүрээнд зочлох үйлчилгээний салбарынхан аваргаа шалгаруулах нээлтийн ёслол боллоо.

Зочлох салбар гэдэгт зочид буудал, ресторан, зоогийн газрууд, жуулчны   төв зэрэг аялал жуучлалын чиглэлээр иж бүрэн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, компаниуд багтдаг. Ийм чиглэлийн байгууллагын шилдэг ажилтныг шалгаруулах зорилготой "Найрсаг Улаанбаатар-2016" олон улсын тэмцээнийг эхлүүлж байна. Энэ удаагийнх нь 10 дахь удаагийн уламлжлалт тэмцээн аж. Нийслэлийн ЗДТГ, Аялал жуулчлалын газар болон Монголын Зочид буудлын холбоо, Монголын ресторан, зоогийн газрын холбоо, Монголын тогооч нарын холбоо хамтран энэ удаагийн олон улсын тэмцээнийг зохион байгуулж байна.  ОХУ-ын Буриад, БНХАУ-ын Манжуураас төлөөлөл ирж тэмцээнд оролцож байгаа нь өрсөлдөөнийг нэмж байв. Хоёр үе шаттай тэмцээн гурван  өдөр үргэлжилж ирэх ням гарагт дүнгээ гарган шилдгүүдээ тодруулах юм. Эцсийн шатанд 3 менежер, 4 тогооч, 7 зочин угтагч, 8 өрөөний үйлчлэгч, 4 угаалгын ажилтан, 4 зөөгч тунаж аваргын төлөө өрсөлдөх юм байна.Тусгай тайзан дээр шүүгчдийн нүдний өмнө уг тэмцээн хөтөлбөрийн хуваарийн дагуу явагдаж байхад эргэн тойрны лангуу, буланд "HOREKA-2016" сэдэвт зочид буудал, зоогийн газар, хоол хүнс, бэлэг дурсгалын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн дэлгэгдэж сонирхсон хүмүүст амталгаа сурталчилгаа, худалдаа үйлчилгээг зэрэг үзүүлж байгаа нь сонирхол татна. Нээлтийн ёслолд Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Энхцэнгэл болон Буриад, Манжуураас ирсэн төлөөлөгчдийн тэргүүн, албаны хүмүүс оролцож, "Улаанбаатар" дуу бүжгийн чуулгын уран бүтээлчдийн бэсрэг тоглолт боллоо. Мөн энэ үеэр АСЕМ-ийн үеэр дэлгэгдэх бэлэг дурсгал болон ресторан, зоогийн газруудын хоолны цэсээр үзэгчид, иргэдэд үйлчилж байв. Үзэсгэлэн гурав хоног үргэлжлэх юм.

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ