Японд нэг сая гаруй хүнийг нүүлгэн шилжүүлэхийг зөвлөжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ТОКИО. /NHK/. Японы өмнөд нутгаар хүчтэй аадар бороо үргэлжлэн орсноос
үүдэн нам дор газруудад хөрсний гулгалт, үерийн аюул нүүрлэж болзошгүй байна.
Үүнтэй холбогдуулан нэг сая гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлэхийг Японы Цаг уурын
газрын мэргэжилтнүүд зөвлөжээ.
Цаг уурчид Кагошима,
Күмамото, Миязаки, Эхимэ мужийн 476 мянган өрхийн 1043000 иргэнийг нүүлгэн
шилжүүлэхийг мужийн засаг захиргаадад зөвлөсөн байна. Кагошима мужид 24 цагийн
хугацаанд 330 миллиметр гаруй хур тунадас унасан бол зарим нутагт нэг цагт 50
миллиметр гаруй хур тунадас унасан ажээ.
Хүчтэй аадар
борооны улмаас Кюшү арлын өмнөд нутгийн нийтийн тээврийн үйлчилгээ тасалдаж, Күмамото,
Кагошима-Чүо буудлын хоорондох суман галт тэргийг зогсоосон гэж “Kyushu
Railway” компани мэдээлжээ. Үүний зэрэгцээ
хэд хэдэн галт тэргийг зогсоож, хурдны замуудын зарим хэсгийг хаасан байна.
Кагошима мужид нэг байшин хөрсний гулгалтад өртсөн бөгөөд тус мужийн 2859 өрхийн 6051 хүнийг нүүлгэн шилжүүлэхийг үүрэг болгожээ. Мөн аюулгүй байдлаа хангахын тулд түр хоргодох байранд очихыг орон нутгийн онцгой байдлын албаны удирдлагууд ард иргэдэд уриалжээ.