Украинд ардчилсан шинэчлэл хийхэд Канад 19.1 сая ам.доллар гаргана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ТОРОНТО. /TASS/. Украин улсад хийх ардчилсан шинэчлэлийг дэмжих зорилгоор Канадын Засгийн газар ирэх зургаан сарын хугацаанд 25 сая канад доллар буюу 19.1 сая ам.доллар гаргахаар болжээ. Энэ тухай Канадын Ерөнхий сайд Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй мягмар гарагт Торонто хотноо уулзсаныхаа дараа сэтгүүлчдэд мэдээлжээ.
“Украинчуудын амьдралыг сайжруулахад туслах ардчилсан шинэчлэл хийхэд Канад улс 25 сая канад долларын дэмжлэг үзүүлэхээр болсныг мэдэгдэж байна” гэж Трюдо мэдэгдсэн байна. Түүний хэлснээр, төрийн байгуулалтын янз бүрийн салбарт Өрнөдийн орнуудын дэмжлэгтэйгээр өөрчлөн шинэчлэлт хийсэнтэй холбоотойгоор Украинд нааштай өөрчлөлтүүд гарчээ. Тухайлбал, тэрбээр Ерөнхийлөгч Зеленский "ардчилсан сонгуулийн үр дүнд сонгогдсон" гэдийг онцолсон байна.
Украинд шинэчлэл хийх асуудлаарх Гуравдугаар бага хурал Канадын Торонто хотод долдугаар сарын 2-нд эхэлжээ. Өрнөдийн шинжээчид, улстөрчид оролцож байгаа уг бага хурал пүрэв гарагт дуусна.
Канадын эрх баригчид 2014 оноос хойш Украинд цэрэг, улс төр, хууль, эрх зүйн болон 785 сая канад долларын /600 сая ам.доллар/ санхүүгийн тусламж үзүүлжээ. Жишээ дурдвал, Украинд сүүлийн таван жил явуулсан бүх сонгуульд Канадын ажиглагчдын томоохон баг ажилласан бол зааварлагч, сургагч нар нь 2015 оноос хойш Украины цэргүүдийг сургаж бэлтгэж байна.