Баяр наадмын үйл ажиллагаанд 500 гаруй уран бүтээлч оролцоно

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2019-07-03 18:54:32
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/  Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа. Энэ жилийн наадамд хүчит 256, өсвөрийн 64 бөх барилдана. Бөхийн бүртгэл энэ сарын 8-наас эхлэх аж.

Мөн монгол, эрлийз үүлдрийн есөн насны морьд уралдана. Эрлийз бага, дунд, дээд насны морьд 7 дугаар сарын 9-нд, монгол морьд 10,11-нд уралдана. Морь барианы газарт “Мобиком” корпораци шинэ төхөөрөмжөө суурилуулах тул үүрэн телефоны сүлжээ тасалдахгүй гэнэ. Хурдан морь унаач хүүхдийн бүртгэл болон амь насны даатгал, эрүүл мэндийн шинжилгээг  7-ноос эхлүүлэх гэнэ. Морьдыг нийт найман машин дагана.

Урианхай сурын харваа 9-нд, үндэсний сур, шагайн харваа 10,11–нд наадмын талбайд болно. Энэ жил Орхон аймгийн баяр наадмыг үзэхээр хамтын ажиллагаатай улс, хотын төлөөлөгчид ирнэ. Тодруулбал, Солонгос, Вьетнам, ОХУ-аас зочид ирэх аж.

Соёл урлагийн нээлтийн үйл ажиллагаанд 500 гаруй уран бүтээлч оролцохоор бэлтгэлдээ гарчээ. Баяр наадмын хаалтын дараа буюу 11-нд “Нэгдсэн цэнгүүн” зохион байгуулахаар төлөвлөж байна.

Худалдаа, үйлчилгээ болон хуушуур, шорлог хийх зөвшөөрлийг цахимаар зургаадугаар сарын 25-наас энэ сарын 2-ныг дуустал бүртгэж маргааш сугалааны зарчмаар олгох ажээ.

Нийтийн хэв журмыг хангах ажлын хэсэг харуул, хамгаалалтад ажиллах цагдаа, хүчний байгууллагын бэлэн байдлыг илтгэж тээврийн хэрэгслийн 7 төрлийн зөвшөөрлийг Замын Цагдаагийн газраас олгохоор болсныг мэдээллээ.

Ийнхүү Орхон аймгийн баяр наадмыг зохион байгуулах ажлын 8 хэсэг, 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж, баяр наадмын бэлтгэлийн явц болон тулгамдаж буй асуудлыг хэлэлцлээ. Ажлын хэсгийг аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал ахалж байна.

Орхон аймгийн баяр наадмыг орон нутгийн 7 телевиз, 2 сонин, 2 студи, сайтын 30 гаруй сэтгүүлч, уран бүтээлч сурвалжилна. 

Холбоотой мэдээ