Малыг амьдаар нь экспортод гаргахгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-07-03 18:28:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдааны үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх  малыг амьдаар нь экспортод гаргахгүй байхыг холбогдох сайдад үүрэг болголоо.


Малыг амьдаар нь экспортод гаргах талаар үе үеийн Засгийн газар тогтоол гаргаж байжээ. Тухайлбал:


-2014 оны 282 дугаар тогтоол /Ерөнхий сайд Н.Алтанхуяг/


-2015 оны 474 дүгээр тогтоол /Ерөнхий сайд Ч.Сайханбилэг/


-2017 оны 142 дугаар тогтоол /Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат/


-2017 оны 284 дүгээр тогтоол /Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ж.Эрдэнэбат/ 


Цаашид махыг үйлдвэрийн аргаар бэлтгэх хүчин чадлыг нэмж, зургаан үйлдвэр шинээр барих, одоо ажиллаж байгаа 130 гаруй үйлдвэр, цехийн хүчин чадлыг бүрэн ашиглах, махны экспортыг нэмэгдүүлэх зорилгоор ОХУ, БНХАУ, Казахстан, Узбекистан, Иран Улстай мал, эмнэлгийн сертификат тохиролцох зэрэг ажил хийж байна.


Энэ хүрээнд хот орчимд мал бэлтгэхгүй байх, мах боловсруулах үйлдвэрүүдийг малаар хангах хуваарийг аймаг, сумаар нь гаргах,  орон нутагт бол мал эмнэлгийн хяналтан дор мах бэлтгэдэг байх зэрэгт анхаарч эхэлжээ.


Мал амьдаар нь экспортлохтой холбоотой дээрх тогтоолуудыг цэгцлэх, нэмүү өртөг шингэсэн, үйлдвэрийн аргаар бэлтгэсэн махны экспортыг нэмэгдүүлэх, ирэх жил гурил, махны үнэ тогтвортой байхад онцгой анхаарахыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх холбогдох сайд нарт үүрэг болгов.


Хөдөө аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг хангана


Отрын бүс нутгийн ашиглалтын нөхцөл, үйлчилгээг сайжруулж, оторлох мал сүргийг үзлэг, шинжилгээ, угаалга, тарилга зэрэгт бүрэн хамруулж, тууврын замд хяналт тавихыг сайд Ч.Улаанд даалгав. Өвөл, хаврын улирлын бэлчээрийн даацад тохируулан малын тоог бууруулах, малыг эдийн засгийн эргэлтэд оруулах, нөөцийн мах бэлтгэлд эртнээс анхаарахаар болов. 


Өвөлжилт, хаваржилт болон цаг агаарын хүндрэл, болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэхтэй холбоотой бэлтгэл ажлаа хангах, өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийг заасан хэмжээнд бүрэн бүрдүүлэх зэргийг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт үүрэг болголоо.

Холбоотой мэдээ