Хятадад үер бууж, 8000 хүнийг нүүлгэн шилжүүлэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
jargal@montsame.mn
2016-04-02 14:34:17

БЭЭЖИН. /TASS/. Хятадын өмнөд нутгийн Гуандун мужид Эль-Ниньо байгалийн үзэгдлээс үүдэлтэй үер буусны улмаас 8000 хүнийг нүүлгэн шилжүүлсэн тухай тус улсын төв телевиз мэдээлжээ.

Үүнээс гадна, тус мужийн 150 мянган оршин суугч үерийн гамшигт өртсөн байна.

“Энэ жил Эль-Ниньо үзэгдэл эрс идэвхжсэний улмаас Хөх мөрний дагуу онцгой байдал үүсэх магадлалтай” байна гэж Хятадын Усны аж ахуйн дэд сайд Лю Нин мэдэгджээ. Түүний хэлснээр, энэ оны тавдугаар сард тус улсын хэд хэдэн бүс нутагт их хэмжээний хур тунадас унах төлөвтэй байгаа нь хүчтэй үер дагуулж магадгүй.

Эль-Ниньо үзэгдэл нь Номхон далайн экватортой ойролцоох бүсэд агаарын температурыг нэмэгдүүлдэг халуун урсгал юм. Энэ үзэгдэл нь салхины чиглэлд нөлөөлж, зарим бүс нутагт усархаг бороо дагуулдаг бол заримд нь энэ үзэгдлийн улмаас ган гачиг болдог байна.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ