Чингэлтэй дүүрэгт Өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв байгуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-07-04 16:32:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг нар Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд байгуулж буй Өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийн ажлын явцтай танилцлаа.


Төвийн гурван давхар барилгыг "Ванхүү" компани энэ оны гуравдугаар сард эхлүүлсэн бөгөөд улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болж байгаа аж.



Энэ үеэр ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, “Өрхийн үйлдвэрлэл эрхлэгчид өөрийн гэсэн нэгдсэн байртай болох нь олон давуу талтай. Энэ төв нь аймаг, дүүрэг, сумдад ижил төв байгуулахад үлгэр жишээ болно. Цаашид энэхүү төвд олон үйлдвэрлэгчид үйлдвэрлэл явуулж, бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлж, дунд, том үйлдвэр болж дэвжих гарааг тавина. Төвийн ажил эхлэх үед бид үйлдвэрлэгчдийг олон улсын зах зээлд гарах, жижиг дунд үйлдвэрийн сангийн зээл авахад  нь дэмжинэ” гэлээ.


Чингэлтэй дүүргийн 780 өрх хашаандаа өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг байна. Тиймээс өрхийн үйлдвэр эрхлэгчдээ дэмжих зорилгоор энэхүү төвийг байгуулах санаачилга гаргаснаа УИХ-ын гишүүн М.Оюунчимэг дурдлаа.

Холбоотой мэдээ