Монгол, Хятад, Оросын хил залгаа уулсын судалбар зургийн үзэсгэлэн гарав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ, Монгол Улс, БНХАУ-ын Шинжаан Уйгарын Өөртөө засах орны 70 гаруй уран бүтээлчийн хамтарсан судалбар зургийн аяллыг ОХУ-аас тавдугаар сард зохион байгуулсан юм. Энэ аялалд оролцсон монгол уран бүтээлчдийн хамтарсан "Уулсын өнгө" тайлан үзэсгэлэнг өнөөдөр Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн “Орд” арт галерейд нээлээ.
Үзэсгэлэнд Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ш.Чимэддорж, МУУГЗ С.Дагвадорж, ахмад зураач Н.Оросоо, МУЭ-ийн нэрэмжит шагналт зураач Г.Лхагвасүрэн, Х.Пүрэвжав, Я.Бат-Ирээдүй, Б.Очирхуяг, Р.Баярмөнх, П.Ганбат, П.Одон, Г.Ариунболд, Х.Дастан, Ж.Ризабек, Б.Хайрат, К.Ёлка зэрэг зураачийн 60 гаруй судалбар зургийг дэлгэсэн байна.
Хятадын Шинжаан Уйгар, Оросын Уулын-Алтай, Монголын Алтай таван богдын хил залгасан сүрлэг уулсуудыг харуулсан судалбар зургууд нэн сонирхолтой. Энэхүү судалбар зургийн аяллыг Монголын Урчуудын Эвлэлээс залуу уран бүтээлчдээ оролцуулан жил бүр зохион байгуулахаар болжээ.
"Уулсын өнгө" үзэсгэлэн 7 дугаар сарын 4-14-нд “Орд” арт галерейд гарна.