Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд улстөрийн намуудаас санал ирүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-07-05 15:08:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хуульчдын холбоо болон улстөрийн зарим намаас  Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгахаар ирүүлсэн саналыг УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр болсон Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны үеэр танилцууллаа.


Монголын Хуульчдын холбооноос Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Удирдах зөвлөлийн хурлаараа хэлэлцсэн байна. Тус холбооноос эрх мэдлийн хуваарилалт, хяналт тэнцлийн хүрээнд УИХ-ын гишүүн нь Засгийн газрын гишүүний ажил үүргийг хавсран гүйцэтгэхийг бүрэн хориглох санал гаргажээ. Мөн Улсын дээд шүүх 21 шүүгчээс бүрдэнэ хэмээн тоо заасныг өөрчлөх хэрэгтэй хэмээн үзсэн байна. Тодруулбал, "Улсын дээд  шүүхийн гурван танхим байгаа ч цаашид шүүгчид танхим дотроо дагнан төрөлжих асуудал гарахыг үгүйсгэх аргагүй. Иймд Улсын дээд шүүхийн шүүгчдийн тоог хатуу тогтоож, хязгаарлах боломжгүй юм. Мөн одоо байгаа шүүгчдийг ямар шалгуураар хэрхэн өөрчлөх нь тодорхойгүй байна" хэмээжээ.


Хөдөлмөрийн үндэсний нам (ХҮН)-аас ирүүлсэн саналд, “УИХ нь 20 гишүүний саналаар хууль баталдаг, гишүүд нь улсын нэгдсэн төсвийг сонгогдсон тойрогтоо тэрбум тэрбумаар нь хувааж авахаар улайран дайрдаг. Засгийн газар нь дунджаар 1.8 жил ажилладаг. Ерөнхийлөгч нь хараат бус ажиллах ёстой шүүгчдэд томилгоогоор дамжуулан нөлөөлдөг. Үндсэн хуулийн цэц, Улсын дээд шүүх нь шударга ёс тогтоох гэхээс илүү эзэндээ үйлчилдэг. УИХ-ын сонгууль бүрийг өөр тогтолцоогоор явуулдаг. Товчоор хэлбэл, Монголын төр хямарсан нь нэгэнт  тодорхой болсон. Иймд Монгол Улсын Үндсэн хуулд нэмэлт, өөрчлөлт оруулж төрийн эрх мэдлийн хуваарилалтыг тодорхой болгохыг Хөдөлмөрийн үндэсний нам дэмжиж байна” гэжээ.


Харин Монгол Ардын Хувьсгалт нам (МАХН) “байгалийн баялаг ард түмний өмч мөн” гэдэг заалтыг тодорхой болгох, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах зэрэг тодорхой саналуудаар хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын багийнхантай уулзах хүсэлт ирүүлсэн байна.


Эдгээр саналыг УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын багт хүргүүлжээ.

Холбоотой мэдээ