С.Баяр: Долдугаар сарын 1-ний үйл явдлаар ном бичнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баярын “Жаран хоног, “Жаран"-ы бутархай” номын нээлт Үндэсний соёл амралтын хүрээлэн дэх "Сөүл" ресторанд өнөөдөр боллоо.
НЕПКО хэвлэлийн газраас эрхлэн гаргасан номын тухай тус хэвлэлийн газрын захирал, Төрийн шагналт нийтлэлч Б.Баабар, редактор, хошин нийтлэлч, Төрийн шагналт Б.Цэндоо нар танилцуулж, ёслолд С.Баярын урьсан "Баабар.мн" сайтын гишүүн, нийтлэлч Төрийн шагналт, МУСГЗ шог зохиолч Ц.Доржготов, МУСГЗ, сэтгүүлч Б.Ганболд, МУСГЗ, сэтгүүлч Б.Ганчимэг, Улсын баатар С.Бат-Үүл, нийтлэлч Д.Баярхүү, Элчин сайд, нийтлэлч Г.Батсүх нарын нэр хүндтэй олон эрхэм хүрэлцэн ирсэн байв.
С.Баярын шинэ ном үндсэн хоёр хэсэгтэй. Эхний хэсэг “Жаран хоног” нэртэй. Энэ хэсэгт Ганц худаг буюу Цагдан хорих 461 дүгээр ангид өнгөрүүлсэн хоёр сарын тэмдэглэл оржээ. Номын хоёрдугаар хэсэг “Жаран”-ы бутархай"-д С.Баярын жар хүрсэн насны дурсамж буюу хүний хорвоод нэгэн жарныг туулахдаа уулзаж, нөхөрлөсөн хүмүүс болон хувь, хувьсгалын амьдралд ул мөрөө үлдээсэн үйл явдлуудын содон сонин тэмдэглэлүүд нь орсон байна. С.Баяр үүнийгээ "халаасанд шаргиж байдаг бутархай зоос шиг" юмнуудаа бичсэн гэж тодотгов.
“Непко” хэвлэлийн газрын захирал Б.Баабар “Тухайн хүний нүүрний хувирал, хийж байгаа үйлдлийг байгаа орчинтой нь уусгаж, нүдэнд харагдтал бичдэг Монголын хоёрхон зохиолч бий. Тэд бол Төрийн шагналт, Ардын уран зохиолч С.Дашдооров, одоо энд сууж байгаа Төрийн шагналт Ц.Доржготов хоёр. Яг энэ хоёрорхуу дүрслэлтэй бичиж чадсан нь С.Баярын энэ ном юм. “Жаран хоног, “Жаран"-ы бутархай” номыг нүдэнд харагдахуйцаар бичжээ. Энэ ном нь цаг үеэ олсон. Нөгөө талаасаа зарим хүний бичээд байгаа шиг өрөвдүүлэх гэсэн зүйл ерөөсөө байхгүй. Үлдсэнийг та нар өөрсдөө тунгаан бодох хэрэгтэй. Би хувьдаа мундаг зохиол гэж дүгнэсэн шүү. Энэ номыг аваад ирүүт нь бид шуурхайлан хэвлэсэн. Эхний 1000 гаруй ном тавхан хоногт дуусчихлаа. Дахиад хэвлэх гэж байна. Сүүлийн үед хэвлэгдэнгүүтээ ингэж дууссан номыг би үзээгүй байгаа” гэлээ.
"Энэ номд өгүүлсэн дурсамж, баримт болон тэнд нэр нь дурдагдсан хувь хүмүүстэй холбогдох 30-аад гэрэл зургийг хавсаргасан байна. Орчин үеийн баримтат уран сайхны номын стандартаар бүтээсэн энэхүү дурсамж дуртгалын зургийн тайлбарууд нь тусдаа агуулгатай контент болж орсон нь сонирхолтой. Өнөөгийн болон өнгөрсөн үеийн түүхийн хамгийн сонирхолтой эргэлтүүд, бодит баримт, нөлөө бүхий зүтгэлтнүүдийн ааш араншинг тод харуулж, маш сонирхолтой бичсэн энэ ном уншигчдын сонирхлыг татахаас аргагүй" гэж нийтлэлч Б.Цэнддоо онцоллоо.
Номын зохиогч С.Баяр “Би урьд ном бичээд номын нээлт энэ тэр хийж үзээгүй. Зөвхөн ном уншигч л байсан. Энэ ном бүтэхэд олон жилийн хугацаа зарцуулсан. Санаанд ямар нэгэн зүйл орж ирэхэд тухай бүрт нь тэмдэглээд л явдаг байсан. Халаасанд сул задгай мөнгө шиг шажигнаад байдаг байсан гэх үү дээ. Хэзээ нэгэн цагт халаасан дахь задгай мөнгөө бүхэл болгож, ямар нэгэн ном гаргана гэсэн бодол байв. Сэтгэгдэл сайхан байна. Гэхдээ халаасанд дахиад задгай мөнгө үлдсэн. Номд багтаах гэсэн боловч олон зүйлийг хамж шимээд нийтлээд яах вэ гэж бодоод заримыг хассан. Тэгэхээр цаана нь энэ дайтай задгай мөнгө үлдсэн. Түүнийгээ хэзээ нэгэн цагт бүхэлдүүлж гаргана. Ямартай ч оршил нь энэхүү 60 хоног биш байгаасай л гэж хүсэж байна. Оршил нь гэрэл гэгээтэй байгаасай. Цаашдаа олны анхааралд байдаг, олны дунд яригдаад байдаг сэдвүүдийн талаар тус тусад нь, эсхүл нийлүүлээд нэг ном бичнэ гэсэн бодол бий. Ямартай ч, Монголын түүхэнд хар өдөр гэж нэрлэдэг долдугаар сарын 1-ний үйл явдлаар ном бичнэ. Мөн “Жаран хоног, “Жаран"-ы бутархай” номыг үргэлжлүүлэн бичихийг ч хичээнэ” гэлээ.