Хиймэл зүрхээр 100 хоног амьдарчээ

Дэлхийд | Эрүүл мэнд
yesukheitumur@montsame.gov.mn
2019-07-09 10:40:46
Yesukheitumur Tumurbaatar

БЭЭЖИН. /Anadolu/. БНХАУ-ын зүүн хойд нутгийн Тяньжинь хотод зүрхний архаг дутагдалтай хоёр өвчтөн хиймэл зүрхээр 100 өдрийн турш амьдарч, дээд амжилт тогтоосон тухай “China Daily” даваа гарагт мэдээлжээ.


Тяньжинь хотын “TEDA” олон улсын зүрх, судасны эмнэлгийн эмч нар зүрхний архаг дутагдалтай гэж оношлогдсон 39 настай эрэгтэй болон 62 настай эмэгтэйд гуравдугаар сард хиймэл зүрх суулгасан бөгөөд тэд ийм төрлийн мэс засал хийлгэсэн бусад өвчтөнөөс хамгийн удаан амьдарсан байна.


БНХАУ-ын пуужингийн технологи хөгжүүлэгч “Launch Vehicle Technology” академи болон “TEDA” эмнэлэг хамтран “HeartCon” нэртэй энэхүү хиймэл зүрхийг бүтээж, бүрэлдэхүүн хэсэгт зөвхөн БНХАУ-д үйлдвэрлэсэн зүйлсийг ашиглажээ.


Уг төхөөрөмж нь 180 граммын жинтэй бөгөөд хоёр ширхэг зайгаар ажилладаг байна.


Өдөр тутмын хэвлэлд дурдсанаар, БНХАУ-д хөгжүүлж, патентжуулсан зүрх судасны үйл ажиллагааг идэвхтэй дэмжигч энэхүү төхөөрөмж нь тус улсын хувьд гадны оролцоогүй дангаар бүтээсэн ийм төрлийн анхны төхөөрөмж болжээ. 

Холбоотой мэдээ