Төв аймгийн түүхт 96 жилийн ойн баярын хурал боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн төв Зуунмод хотноо Монгол улсын Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Б.Дамдинсүрэнгийн нэрэмжит Монгол туургатан театрт Их Монгол улс байгуулсаны 813, Ардын хувьсгалын 98, Төв аймгийн 96, Зуунмод хот байгуулсаны 77 жил, Сэргэлэн сумын уугуул Монгол Улсын Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Билэгийн Дамдинсүрэн, Монгол Улсын Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Лувсанжамбын Мөрдорж нарын мэндэлсний 100 жилийн ойн баярын хурал боллоо.
Баярын хуралд аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат, Засаг дарга Ж.Батжаргал, УИХ-ын гишүүн М.Энхболдын зөвлөх Р.Болд, Засаг даргын орлогч, Баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Д.Мөнхбаатар, Зуунмод сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч Г.Мөнхбадрал, Монгол Улсын Цагдаагийн орлогч, бэлтгэл Хошууч генерал О.Отгонжаргал, Монгол улсын Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Б.Дамдинсүрэнгийн зээ хүү Л.Энхцогт, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Л.Мөрдоржийн ач хүү Г.Тэнгис болон төрийн албан хаагчид, иргэдийн төлөөлөл оролцлоо.
Өнөөдөр Төв аймаг засаг захиргаа, нутаг
дэвсгэрийн нэгж 27 сумтай, нийгэм, соёл, дэд бүтэц, эдийн засаг, хөдөө аж ахуйн
цогцолбор болон хөгжиж, улсынхаа нийслэлийг нутаг дэвсгэртээ багтаан, улс
орныхоо хөгжил дэвшлийн гол түшиц Төвийн
бүсийн тулгуур төв болон хөгжиж байна.
Аймгийн ИТХ-ын Хурлын тэргүүлэгчдийн 2019 оны 09 дүгээр тогтоолоор Төв аймагчууд энэ жилийн баяр наадмаа Сэргэлэн сумын уугуул Монгол улсын Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Билэгийн Дамдинсүрэн, Монгол улсын Төийн хошой шагналт, Ардыг жүжигчин Лувсанжамбын Мөрдорж нарын мэндэлсний 100 жилийн түүхэн ойтой хамтатган тэмдэглэж байна.
Баярын
хурлын үеэр аймаг орон нутгийнхаа хөгжил дэвшилд оюун ухаан, билэг авьяасаа зориулан, амжилттай ажилласан иргэдээ Монгол Улсын Засгийн газрын болон Салбарын тэргүүний ажилтан, Төв аймгийн ИТХ, Засаг даргын шагналаар тус тус шагналаа.
Монгол Улсын Соёлын Тэргүүний ажилтан цол тэмдгээр Зуунмод сумын Ланс багийн ахмад настан Балдандоржийн Амгалан, Монгол туургатан театрын захирал Доржсүрэнгийн Мөнхбат нарыг, Санхүү банкны Тэргүүний ажилтан цол, тэмдгээр ЗДТГ-ын нярав Доржийн Туяа, Зуунмод сумын ЗДТГ-ын нярав Пэрэнлэйдамбын Бат-Аюуш нарыг, Нягтлан бодох бүртгэлийн Тэргүүний ажилтан цол тэмдгээр Ахлах аудитор Мичиджамбын Оюунсүрэн, Зуунмод сумын Дэгдээхий цэцэрлэгийн нярав Банзрагчийн Цэцгээ нарыг, “Хөдөлмөрийн Тэргүүний ажилтан” цол тэмдгээр аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нягтлан бодогч Нэргүйн Отгонбаяр, Баянхангай сумын иргэн Дамдинсүрэнгийн Бямбаа аймгийн ИТХ-ын “Хүндэт тэмдэг”-ээр 4, Аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр 7, Аймгийн ИТХ-ын “Хүндэт жуух бичиг”-ээр нийт 12 иргэнийг шагнасан байна.




