“Дээлтэй Монгол Наадам” маргааш болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ariunbold@montsame.gov.mn
2019-07-09 12:55:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголчуудын уламжлалт соёл түүний дотор үндэстэн ястны дээл хувцас, эд хэрэглэл, ардын урлагийн биет бус өвийг гадаад, дотоодод сурталчлан таниулах зорилго бүхий “Дээлтэй Монгол наадам” маргааш буюу энэ сарын 10-нд Д.Сүхбаатарын талбайд болно.


13 дахь жилдээ зохион байгуулж буй энэхүү наадмын үеэр үндэсний  хувцасны коллекциудыг сонирхон, үндэсний зан заншил, уламжлал, өв соёлыг харуулсан гэр хотхон дахь наадам, монгол наадгай, дээл урлал, язгуур урлаг, хөгжим, уран бичлэгийн болон казах түмний өргөөгөөр зочлох боломжтой. Наадмын үеэр нийслэлийн 9 дүүргийн төлөөлөл үндэсний хувцастай парад алхана. Мөн оролцогчдын дунд сонгон шалгаруулалт явуулж шилдэг зохион байгуулалттай оролцсон дүүрэг, хамгийн сайхан дээлтэй хос, шилдэг үндэсний хувцастай гадаад оролцогч, шилдэг эрэгтэй, эмэгтэй үндэсний хувцастай оролцогч, шилдэг хүүхэд,  шилдэг байгууллагыг тодруулна.


Тус наадам нь даяарчлалын зуунд хадгалагдан үлдсэн нүүдэлчдийн соёлын чухал хэсэг болсон Монгол үндэстэн ястны хувцас, гоёл чимэглэлийг дэлхий нийтэд гайхуулан сурталчлах, жуулчдын сонирхлыг татсан томоохон баяр болж өргөжсөнийг зохион байгуулагчид нь хэлж байна. Дахин давтагдашгүй, чамин хийц, өнгө загвартай, монгол бахархал болсон дээл хувцсаараа гоён Үндэсний их баяр наадмаа угтахыг нийслэлийн Аялал жуулчлалын газар уриаллаа.


Мөн Үндэсний Их баяр наадмын хүрээнд “Улаанбаатар үдэш- Эх орноо хамтдаа дуулъя” цэнгүүн, , “Best of classics Pop Opera live concert” сонгодог урлагийн тоглолтыг уламжлал ёсоор энэ сарын  10-12-нд зохион байгуулна. Эдгээр тоглолтыг үзэх иргэдэд зориулан 18 чиглэлийн автобус Сүхбаатарын талбай хүртэл үнэ төлбөргүй үйлчилнэ.


А зогсоол-Сүхбаатарын урд талын зогсоолоос Шархад,Улиастай, Сэлбэ Офицеруудын ордон, Жанжин клуб чиглэл

 Б зогсоол - НЗДТГ-ын урд талаас Баян хошуу, Улаан чулуут, Орбит, Тахилт, Толгойт, Зүүн салаа, Зайсан чиглэл

В зогсоол- Соёлын төв өргөөний урд зогсоолоос Хайлааст,  3,4 р хороолол,  Баруун салаа, Чингэлтэйн 4 чиглэлийн автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ.

Д.Отгонцагаан

Холбоотой мэдээ