Хятад-Монголын хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүс удахгүй ашиглалтад орно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
jargal@montsame.mn
2016-04-03 17:50:18

УЛААН-ҮД. /baikalfinans/. Хятадын хойд нутагт орших Өвөр Монголын өөртөө засах орны Эрээн хотын шалган нэвтрүүлэх цэгт байгуулж буй Хятад-Монголын хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүс болон тус хоёр орон хоорондын хилийн худалдааны бүсийг энэ онд багтаан ашиглалтад өгөх төлөвтэй байна. Энэ тухай Синьхуа агентлаг мэдээлжээ.

Дээрх төслүүдийг хэрэгжүүлснээр Эрээн хот гадаад ертөнцөд улам нээлттэй болно. Хятад-Монголын хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүс нь 18 хав. дөр. км талбай эзлэх аж. Энэ оны эцэс гэхэд тус бүсэд мод болон малын гаралтай бүтээгдэхүүн боловсруулах 50 гаруй үйлдвэрийг нүүлгэн шилжүүлнэ.

Хятад, Монгол хоорондын хилийн худалдааны бүсийн барилгын ажил дуусах шатандаа оржээ. Эрээн хот болон Монголын Замын-Үүд хотын байнгын оршин суугчид энэ бүсэд нэвтэрч 8000 хүртэлх юанийн өртөг бүхий бараа худалдан авсан тохиолдолд татвараас чөлөөлөгдөнө.

Эрээн хот нь Хятад-Монголын хил дээрх Хятадын томоохон шалган нэвтрүүлэх цэг юм. Уг цэгээр дамжуулан Монгол, Орос болон Зүүн Европын зах зээлд бараа бүтээгдэхүүн нийлүүлдэг байна.

Д.Жаргал

 

 

 

 

Холбоотой мэдээ