“Дээлтэй Монгол-2019” наадам Баянгол дүүргийнхний жагсаалаар эхэллээ

Монголын мэдээ | Соёл урлаг
192@montsame.mn
2019-07-10 15:23:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын их баяр наадмын өмнө Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн аялал жуулчлалын газар, Аялал жуулчлалын холбоо, “Монгол костюмс” компаниас зохион байгуулдаг “Дээлтэй Монгол” наадам Д.Сүхбаатарын талбайд яг одоо болж байна.



Монголчуудын уламжлалт соёл, түүний дотор үндэстэн ястаны дээл хувцас, эдлэл хэрэглэл, ардын урлагийн биет болон биет бус өвийг сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэх зорилготой “Дээлтэй Монгол” наадмыг жил бүр Улсын их баяр наадмын өмнө уламжлал болгон зохион байгуулдаг юм. Энэ жилийн “Дээлтэй Монгол-2019” наадам нийслэлийн Баянгол дүүргийнхний жагсаалаар эхэллээ.

Наадмыг Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан нээж хэлсэн үгэндээ, Монгол түмний өв соёл, язгуур урлал, уламжлал, оюун санааны илэрхийлэгч Монгол дээл хувцсаа хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж буй “Дээлтэй Монгол” наадам дэлхийд данстай, Монголын соёл урлагийн томоохон үйл ажиллагаа болон өргөжин дэлгэрэхийг ерөөсөн юм.

Энэ жилийн наадмаар үндэсний үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн худалдаа Сүхбаатарын талбайд гараад байна.



 





Тулгар төр байгуулагдсаны 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар зохиож буй “Дээлтэй Монгол-2019” наадам энэ жил 13 дахь удаагаа болж 10 гаруй мянган хүн оролцохоор бүртгүүлжээ. 

“Дээлтэй Монгол-2019” наадмаар үндэсний  дээл хувцастай нийслэлийн есөн дүүргийн парад сонирхуулахаас гадна гэр хотхон дахь наадам, монгол наадгай, дээл урлал, язгуур урлаг, хөгжим, уран бичлэгийн болон казах түмний өргөөгөөр зочлох боломжтой ажээ. Мөн оролцогчдын дунд сонгон шалгаруулалт явуулж шилдэг зохион байгуулалттай оролцсон дүүрэг, хамгийн сайхан дээлтэй хос, шилдэг үндэсний хувцастай гадаад оролцогч, шилдэг эрэгтэй, эмэгтэй үндэсний хувцастай оролцогч, шилдэг хүүхэд,  шилдэг байгууллагыг тодруулдаг уламжлалтай.

Б.Болд

Гэрэл зургуудыг Н.Батбаяр

Холбоотой мэдээ