Монгол, Хятад стратегийн түншлэлээ шинэ агуулгаар тогтвортой хөгжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-07-10 20:20:57
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Монгол Улсад айлчлан ирсэн БНХАУ-ын Дэд дарга Ван Чишанийг өнөөдөр Төрийн ордонд угтан мэндчилж, уулзав. 


Уулзалтын үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улс, БНХАУ дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд болж буй энэ удаагийн айлчлалд нь амжилт хүсэж, ноён Ван Чишанийг Монгол Улсад тавтай морилохыг урив.


Өнгөрсөн 70 жилийн хугацаанд хоёр улсын харилцаа олон сорил шалгууртай тулгарч, тэдгээрийг хамтын хүчин чармайлтаар даван туулсны дүнд өнөөгийн иж бүрэн стратегийн түншлэлд хүрснийг талууд онцлон тэмдэглэв. Цаашид хамтын хүчээр стратегийн түншлэлээ шинэ агуулгаар баяжуулан тогтвортой хөгжүүлэхийн төлөө анхаарч ажиллахаа харилцан илэрхийлэв. ​



Монгол Улс, БНХАУ дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд хоёр талын хооронд өндөр, дээд түвшний харилцан айлчлал хэрэгжиж, хамтын ажиллагааны бүхий л салбарыг хамарсан олон чухал ажил хэрэгжиж байгааг талууд тодотгов.


Ноён Ван Чишань хариу хэлсэн үгэндээ, Монгол Улсын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдал, Монголын ард түмний сонгосон хөгжлийн замыг БНХАУ ямагт хүндэтгэж ирснийг тэмдэглэхийн хамт, харилцан ашигтай, хамтдаа хожсон хамтын ажиллагааг улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн болон орон нутгийн харилцааны салбарт хэрэгжүүлэхийг хүсэж байгаагаа илэрхийллээ.


Ерөнхий сайд У.Хүрэлсүх, энэ өдрүүдэд Монголын Үндэсний их баяр наадам тохиож буйг дурдаад, БНХАУ-ын Дэд дарга Ван Чишанийг улс орны түүх, соёл сонирхон судалдаг хүний хувьд Монголын ард түмний ёс заншил, үнэт зүйлсийг шингээсэн давтагдашгүй өвөрмөц баяр ёслолыг үзэж сонирхохыг хүслээ.



Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БНХАУ-ын Дэд дарга Ван Чишань нар уулзалтын дараа “Монгол Улсын Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийн дагалдах барилга байгууламжийн төсөл”-ийн гэрээнд гарын үсэг зурах ёслолд оролцов. Мөн үеэр, Дорноговь аймгийн Замын-Үүд сум болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хот хоорондын гэрээ, Дорноговь аймгийн Сайншанд болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Бугат хотын Дархан мянгад холбоод хошуу хоорондын гэрээг хоёр орны төлөөлөл үзэглэсэн юм.


Энэ үеэр БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлж байгаа Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх буудал чиглэлийн хурдны авто замыг ашиглалтад оруулах, Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх ёслолын самбарын хөшиг нээх ёслол болов.


Ноён Ван Чишань Монгол Улсад хийж буй айлчлалынхаа үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, УИХ-ын дарга Г.Занданшатартай уулзсан. Мөн тэрээр айлчлалынхаа хүрээнд дагалдан яваа төлөөлөгчдийн хамт Үндэсний их баяр наадмын нээлтийн ажиллагаа, Үндэсний Түүхийн музейг үзэж сонирхоно.

Холбоотой мэдээ