Монголчууд цэмцгэр сайхан нааддаг болжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2019-07-11 18:11:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар төр байгуулагдсаны 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, үндэсний Их баяр наадам өргөн дэлгэр цэвэр цэмцгэр байдлаар өмнөх жилүүдийн наадмаас илүү сайхан болж байна.


Төв цэнгэлдэх хүрээлэнгийн эргэн тойронд олон зуун худалдаа, үйлчилгээний цэгүүд ажиллаж, наадмын хуушуураа амталж яваа наадамчид хог хаяхгүй байгаа нь үнэхээр бахархууштай сайхан харагдаж байв.


Наадмын талбарт цагаан малгай өмссөн, ногоон цамц /футболка/-ныхаа энгэрт “Ногоон паспорт” гэсэн бичигтэй охид, хөвгүүд, залуус гартаа “Цэвэрхэн наадацгаая”, “Хандлагаа өөрчилье” хэмээн бичсэн лоозон бариад тав, арваараа алхаж яваатай таарахад нэн таатай байв.


Наадамчин олон түмэн тэднийг дэмжин хогоо зориулалтын хогийн саванд хийж байсан юм. Бидэнд ая тухтай, цэвэр цэмцгэр, хариуцлагатай аж төрөх шинэ эерэг хандлага үгүйлэгдэж байгаа бөгөөд шинэ үеийн залуус ч хотол олноо уриалж байна.


Цэмцгэр сайхан наадаж байгаа зон олны дунд “Чингис хаан одон”-т, ШУА-ийн гишүүн, академич, онолын физикч Хавтгайн Намсрай гуайтай уулзаж баяр наадмын талаар сэтгэгдлийг нь толилуулж байна.


-Сайхан наадаж явна уу, энэ жилийн наадмын талаар сэтгэгдлээ хэлнэ үү?


-Энэ жилийн баяр наадам их сайхан болж байна. Бороо ороод нар гараад, цаг агаарын хувьд хамгийн сайхан тааламжтай, хүмүүсийн сэтгэл өндөр, баяр баясгалантай үнэхээр гоё наадам болж байна. Жил жилийн наадам сайхан болдог ч миний хувьд энэ жилийнх гойд сайхан наадам болж байна даа.


-Та баяр наадмаа хэрхэн тэмдэглэдэг вэ. Наадамчин олондоо хандан ерөөл айлтгаач?


-Монгол хүний хувьд цэнгэлдэх хүрээлэн дотор нь ордоггүй ч жил бүрийн наадмаар Монгол Улсынхаа сайн сайхны төлөө, эрдэм номын бүтээлийнхээ төлөө цэнгэлдэхээ нар зөв тойроод наадмын хуушуураа амталдаг даа. Монгол түмэндээ наадамчин зон олондоо хотлоороо цог золбоотой, баяр баясгалангаар дүүрэн байхыг хүсэн ерөөж, хамгийн сайн сайхныг дэвшүүлье.

Холбоотой мэдээ