Баянхонгор хайрхан уулыг дурсгалт газраар бүртгэхээр болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-07-14 22:33:35

Баянхонгор /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газар зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авчээ. Энэ нь байгалийн бүс, бүслүүрийн онцлог хэв шинж, унаган төрх, өвөрмөц тогтоц, түүх, дурсгал, ховордсон ургамал, амьтдыг хамгаалах зорилготой.

Энэ хүрээнд Баянхонгор аймгийн Галуут сум дахь Хан уул орчмын газрыг Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын өргөтгөлөөр, Баянхонгор аймгийн Галуут сум дахь Баянхонгор хайрхан уулыг дурсгалт газраар, Баянхонгор аймгийн Гурванбулаг, Завхан аймгийн Отгон сумын нутаг дахь Хөх нуур-Бумбат орчмын газрыг байгалийн нөөц газраар авахаар хэлэлцсэн байна.

Дуулгахад, Баянхонгор хайрхан нь Баянхонгор аймгийн Галуут сумын өвөрт байдаг тахилгат уул юм. Энэхүү элс нь тодорсон хайрханыг шүтсэн хүн зон баян тансаг явдаг учраас энэ уулыг Баянхонгор гэж нэрлэсэн бөгөөд Баянхонгор аймгийг анх энэ уулын өвөрт 1923 онд байгуулж байсан учир Баянхонгор аймаг хэмээн нэрлэж байсан түүхтэй. Баянхонгор хайрхан уулыг 2009 оны аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор "Аймгийн тахилгат" уул болгон дөрвөн жилд нэг удаа тахиж байхаар шийдвэрлэсэн байдаг. 

Холбоотой мэдээ