Монголоос олдсон хамгийн том динозаврын ясыг Баянхонгорт үзэх боломжтой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-07-15 13:37:30

Баянхонгор /МОНЦАМЭ/. Дэлхийд таван динозаврын яс бүтнээрээ олдоод байгаагийн нэг нь Баянхонгор аймгийн “Байгалийн музей”-д хадгалагдаж байна.

Махчин динозаврын төрөл болох Тарбозавр нь одоогоос 130 сая жилийн өмнө амьдарч байсан бөгөөд 1982 онд Монгол, Оросын хамтарсан судалгааны баг Баянхонгор аймгийн Баянговь сумын Бүгийн Цавын хоолойгоос уг олдворыг олж байжээ. Тарбозавр гэдэг нь tarbo/аймшигт/, sausrus/гүрвэл/ гэсэн Грек үгнээс гаралтай. Нас бие гүйцсэн Тарбозаврын урт нь 12 метр, өндөр нь 4-5 метр, хүндийн жин нь 6 тонн шахам жинтэй болдог гэх эрдэмтдийн тооцоолол бий. Харин Хонгор нутгаас олдсон Тарбозаврын хэлхээ ясны өндөр нь гурван метр, урт нь есөн метр учир насны хувьд харьцангуй залууд тооцогдох юм байна. 


Дэлхий дээр 300 гаруй төрлийн үлэг гүрвэл байсныг одоогоор олж тогтоосноос 60 гаруй төрөл нь Монгол нутгаас олдсон бөгөөд Баянхонгор аймгийн Баянговь сумын Бүгийн цав төдийгүй Шинэжинст сумын Ногоон цав, Богд сумын Орог нуурын орчин, Ам гол, Луу яст зэрэг газруудаас олддог байна. 


Сонирхуулахад, Баянхонгорчууд аймгийн төвдөө үлэмж биет динозавруудын баримал бүхий цэцэрлэгт хүрээлэн барьж, 2010 онд  ашиглалтад оруулсан байдаг. Амралт, аялал жуулчлалын “Гурван бүс цогцолбор”-ын бүтээн байгуулалтад нийт 300 гаруй сая төгрөгийг зарцуулж, 3 га газарт 7-10 метр өндөр, 10-15 метрийн урттай дөрвөн төрлийн динозавр, үлэмж биет яст мэлхийн хөшөөг хийж бүтээжээ.

Холбоотой мэдээ