Олон улсын нислэгийн удирдагчид Улаанбаатарт чуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-07-15 14:33:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Азийн орнуудын нислэгийн байгууллагуудын удирдагчид Улаанбаатар хотноо чуулж байна.

 

Энэ сарын 14-17-ныг хүртэл үргэлжлэх тус чуулганд ОХУ, БНХАУ, Тайланд, Япон, Хонгконг, Монголын нислэгийн удирдагч, 100 төлөөлөгч оролцож, олон улсын нислэгийн удирдагчдад тулгамдаж буй асуудлын талаар ярилцаж, санал, туршлагаа солилцож байна. Чуулганы үеэр төлөөлөгчид Монгол ахуй, ёс заншил соёлтой танилцан, хөлбөмбөгийн нөхөрсөг тоглолт хийх юм.

Энэ удаагийн чуулганд Япон, Тайланд, Хонгконгийн төлөөлөгчид ажиглагчаар оролцож байгаа юм. Өнгөрсөн жилийн чуулган ОХУ-ын Эрхүү хотноо болсон талаар ИНЕГ-аас мэдээллээ.


Энэ дашрамд мэдээлэхэд, БНСУ-ын “Асиана эйрлайнс” компани Улаанбаатарын чиглэлд анхны нислэгээ үйлдсэнтэй холбогдуулан манай улсад БНСУ-ын Газар, дэд бүтэц, тээврийн яамны Нисэхийн бодлогын газрын дарга Ёо Мионг Со болон “Асиана эйрлайнс” компанийн захирал Хан Чанг-Соо тэргүүтэй төлөөлөгчид айлчилсан юм. Эрхэм хүндэт төлөөлөгчдийг ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн энэ сарын 10-нд “Шангри-Ла” зочид буудалд хүлээн авч уулзан хоёр орны иргэний агаарын тээвэрт хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан юм.

 


Энэ үеэр ИНЕГ-ын удирдлага, дэлхийн иргэний агаарын тээврийн шилдэг компанийн нэг “Асиана эйрлайнс” Улаанбаатарын чиглэлд нислэг үйлдэж эхэлсэнд талархал илэрхийлээд, энэ нь Монгол Улсын иргэний агаарын тээврийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэж буйгаа онцолсон юм.

Холбоотой мэдээ