Харуул овоог XVII-XVIII зууны үеийн түүхтэй холбоотой гэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Булган сумын
төвөөс зүүн урагш 15 км-т, Үенч сумын төвөөс хойшоо 25 км-т Жаргалан
нэртэй уулын өвөр, орой дээр нэгэн сүрлэг чулуун байгууламж байдаг бөгөөд үүнийг нутгийнхан
Харуул овоо хэмээн нэрлэдэг.
Овоог хар саарал өнгийн
занарлаг чулуугаар өрж үелүүлэн босгохдоо дунд зэргийн
шургааг модыг 1.5 метрийн зайтайгаар зангилаа углуурга байдлаар бэхэлгээ болгож
хийсэн нь модны ил гарсан үзүүрүүдээс харагддаг аж.
Овоо нь гурван үе бөгөөд
доод үеэрээ цүлхгэр бүдүүн, дээшээ нэгэн жигд хэмээр нарийсаж цамхаг хэлбэртэй харагддаг аж. Овооны өндөр нь 10 гаруй метр орчим, суурийн голч нь 7 метр орчим юм.
Тус овоог нутгийн хил
хязгаарын тэмдэг юм уу, ямар нэгэн дохио болгох зорилгоор байгуулсан гэж
судлаачид үзэж байна. Энэ дурсгал нь XVII-XVIII зууны үед холбогдох цөөн тооны
чулуун байгууламжуудын нэг юм.