З.Энхболд: Найман дүүрэг аймгийн түвшний засаг захиргааны нэгж болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-07-16 15:33:08
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачлан боловсруулсан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан талаар ЕТГ-ын дарга З.Энхболд мэдээлэв. 


Тэрбээр, “Одоогийн Үндсэн хуульд хот гэдэг үг байдаггүй. Үндсэн хуульд хот гэдэг үг нэмж оруулахаар хуулийн төсөлд тусгалаа. Ингэснээр 300 мянган хүн амтай Баянзүрх дүүргээс эхлээд нийслэлийн найман дүүрэг хот гэсэн статустай, аймгийн түвшний засаг захиргааны нэгж болно. Үүнтэй холбогдуулан Үндсэн хуулийн 57.3-т өөрчлөлт оруулсан. Тодруулбал, хот байгуулах, хил хязгаарыг тогтоох асуудлыг ИТХ-ын саналыг үндэслэн УИХ шийддэг байсныг өөрчилж, эдийн засаг, хүн амын байдлыг харгалзан Засгийн газраас УИХ-д санал оруулж шийдвэрлэх юм.  Монгол Улс нь аль нэг аймгийн ИТХ-ын гишүүнээс хамаарч хот байгуулах ажлаа хойш тавьж болохгүй. Энэ бол өнгөрсөн 30 жилд нэг ч хот байгуулаагүйн шалтгаан. Улмаар хороог нь дүүрэг хэмээн нэрлэж, Засаг даргыг сонгох зохицуулалтыг  тусгасан. Түүнчлэн УИХ-ын гишүүдийн тоог 108 байхаар өөрчиллөө. Тэдгээрийн бүрэн эрхийн хугацааг таван жил болгож, сонгуулийг холимог системээр явуулдаг байхаар тусгасан. Мөн тусгаар тогтнолын асуудлаар санал асуулга явуулахыг хориглох заалт оруулсан” хэмээв.


Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлд байгалийн баялгыг ашиглахдаа гадаадын компани 100 хувь хөрөнгө оруулж, олсон ашгийн 51 хувийг Монгол Улс хүртэж байхаар заасан байна. УИХ-аас санаачилсан Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөлд тусгасан Засгийн газрын дөрвөн гишүүн нь УИХ-ын гишүүн байж болох заалтыг Ерөнхийлөгч дэмжихгүй байгаа аж. Тэрээр, Ерөнхий сайдаас бусад сайд нарыг УИХ-ын гишүүн байхыг зөвшөөрөхгүй байхаар төсөлд заажээ. 

Холбоотой мэдээ