Гэнэт үхсэн малаас дээж авч шинжилгээнд явуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2019-07-17 11:02:10

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн нутагт 20 гаруй мал гэнэт үхсэн мэдээллийн дагуу холбогдох байгууллагууд шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна.

Тус аймгийн Мал эмнэлгийн газарт энэ сарын 15-нд  мал олноор үхлээ гэсэн дуудлага иржээ. Уг дуудлагын дагуу газар дээр нь буюу аймгийн төвөөс баруун тийш есөн км-т байх Олдохын худгийн орчимд нутаглаж байгаа малчин О, Б нарын хорогдсон малаас дээж авч шинжилгээнд явуулжээ.

Мөн 16-нд дахин хоёр ишиг гэнэт үхснийг дээж авч нийт сэг зэмийг устгалд оруулсан байна. Шинжилгээний хариу 72 цагийн дараа гарна гэж холбогдох албаныхан мэдээлэв.

Малчдын хэлж байгаагаар малаа усалсны дараа мал нь гэнэт үхсэн байна. Гэхдээ уг худгаас малчид өөрсдөө амны усаа авдаг тул хүмүүст сөргөөр нөлөөлөх зүйлийг мэдрээгүй гэж байлаа. Мал эмнэлгийн урьдчилсан дүгнэлтээр дээрх мал хортой ургамал идсэн байж магадгүй гэж үзэж буй. 

Холбоотой мэдээ