БНАСАУ хориг арга хэмжээнээс илүү аюулгүй байдлын баталгааг чухалчилж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-07-17 11:47:44

СӨҮЛ. /Yonhap/. БНАСАУ цөмийн зэвсгээс ангижрах хэлэлцээнд аюулгүй байдлын баталгааг хориг арга хэмжээнээс илүү чухалчилж байж магадгүй гэж БНСУ-ын нийслэл Сөүл хотод төвтэй Үндэстнээ нэгтгэх институтийн дарга мэдэгдсэн байна.


Үндэстнээ нэгтгэх институтийн дарга Лим Кан Тэгийн хэлснээр, Ханойд зохион байгуулсан БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нарын уулзалт амжилтгүй болсноос хойш Пёньяны засаг захиргаа стратегиа өөрчилж, аюулгүй байдлын асуудлыг эн тэргүүнд тавьсан байж магадгүй ажээ. 


“БНАСАУ хориг арга хэмжээнүүдийг цуцлахыг хүсэж буй хандлага бий болгохыг оролдох хэдий ч чухалчлан үздэг зүйлсээ гаргуунд гаргахыг зөвшөөрөхгүй” гэж Лим Кан Тэг сэтгүүлчдэд мэдээлсэн байна. Мөн тэрбээр, өнөөгийн чухал цаг үед цөмийн хэлэлцээг урагшлуулахад БНАСАУ хориг арга хэмжээнүүдэд нэг их ач холбогдол өгөхгүй байж магадгүй гэж хэлжээ. 


Олон улсын анхаарлыг ихэд татаж байсан Трамп-Кимийн хоёр дахь дээд хэмжээний уулзалт хэлэлцээргүй өндөрлөснөөс хойш хоёр талын хэлэлцээ зогсонги байдалд орсон билээ. Тухайн үед Пёньяны цөмийн зэвсгээс ангижрах явц болон Вашингтоны хориг арга хэмжээний талаарх бодлогын хооронд санал зөрөлдөөн үүссэн юм.


Хоёр орны удирдагчид өнгөрсөн зургадугаар сарын 30-нд хоёр Солонгосын хилийн Панмүнжом тосгонд уулзаж, цөмийн хэлэлцээгээ долдугаар сарын дунд үеэс эхлэн үргэлжлүүлэхээр тохиролцсон боловч мягмар гарагт Пёньяны засаг захиргаа мэдэгдэхдээ, ажлын түвшний хэлэлцээг хэзээ эхлүүлэх эсэхээ удахгүй шийднэ хэмээгээд, БНСУ-тай хамтран явуулахаар төлөвлөсөн цэргийн сургуулиа хойшлуулахыг АНУ-д уриалсан байна. 


Холбоотой мэдээ