М.Отгонбаяр: Хурд хэтрүүлэх нь осол аваар гарахад голлон нөлөөлж байна

Монголын мэдээ | Хууль
192@montsame.mn
2019-07-17 15:18:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний их баяр наадмын өдрүүдэд цагдаа, дотоодын цэргийн бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан.

Ннаадмын өдрүүдэд ноцтой гэмт хэрэг, зөрчил гараагүй гэдгийг өнөөдөр ЦЕГ-аас мэдээллээ.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүүгийн өгсөн мэдээллээр баяр наадмын өдрүүдэд  цагдаагийн албан хаагчид энэ өдрүүдэд 57 гэмт хэргийг илрүүлж, согтууруулах ундаа хэрэглэсэн 796 иргэнийг ар гэрт нь хүлээлгэн өгсөн байна. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 487 хүнийг саатуулж, хариуцлага хүлээлгэжээ. Мөн зөрчил гаргаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 40 хүнийг баривчилж, бусад зөрчилд холбогдсон 12 мянга 805 хүнд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага ногдуулсан байна.  

Энэ жилийн наадмын өдрүүдээр гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж,  сэжигтэй хүмүүсийн царай таних телекамерын системийг Төв цэнгэлдэх хүрээлэнд 68, Хүй долоон худагт 21 ширхэгийг байрлуулсны дүнд халаасны хулгай, дээрэм танхайрах зэрэг зөрчил гараагүй, өмнөх жилүүдээс буурсан гэж байв.



Б.Баатархүү: Энэ жилээс эхлэн Улаанбаатар-Сайншанд-Замын-Үүдийн чиглэлийн автозамд камер тавина


Энэ сарын 11-16-нд 13 аймгийн 140 суманд баяр наадам болжээ. Мөн долдугаар сарын 9-13-нд олон улсын “Торгоны зам” авторалли уралдаан манай улсын нутаг дэвсгэрээр дамжсан тул орон нутагт тамирчид болон техникийн аюулгүй байдлыг хангах, замын нөхцөл байдлыг зохицуулж, хамгаалах үүднээс холбогдох аймгууд болон нийслэлийн цагдаагийн албан хаагчид өндөр ачаалалтай ажиллажээ. 


ТЦА-ны Орон нутгийн хурдны замын хяналтын хэлтсийн дарга, хариуцсан дэд хурандаа М.Отгонбаярын мэдээлснээр автозамын осол аваар, зөрчил дийлэнхдээ орон нутгийн замд гарчээ. Зөрчлийг ангилж үзэхэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 1464 хүнийг илрүүлсэн бол 6083 хүн хамгаалах бүс хэрэглээгүй байна. Мөн хурд хэтрүүлсэн 3190, гэрэл шилжүүлээгүй 846, бүрэн бус тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцсон 12 мянга 789, бусад 28 мянга 202 зөрчлийг илрүүлжээ. ТЦА-наас нийслэл хотоос орон нутаг руу чиглэсэн олон улсын болон улсын чанартай автозамд “Яараад яахав дээ” гэсэн нийт 23 ухуулгын самбар байрлуулжээ.

ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү, "Энэ жилээс эхлэн Улаанбаатар-Сайншанд-Замын Үүдийн чиглэлийн автозамд хурдны камерийн систем байруулна. Энэ талаар холбогдох яамдад саналаа хүргүүлээд байна. Ингэснээр нэг хэсэг газар хурд хэмжигч тавьдаг байдал үгүй болж, нийтдээ замын хөдөлгөөнийг бүрэн хянах, жолооч нар аюулгүй зорчих нөхцөл бүрднэ" гэсэн юм.

Зургадугаар сарын 15-наас долдугаар сарын 15-нд хэрэгжүүлсэн “Яараад яахав дээ” аяны хугацаанд орон нутгийн замд 45 гэмт хэрэг, осол зөрчил гарч, хэргийн улмаас 37 хүн амиа алджээ. Мөн 30 хүн гэмтсэн байна. Эдгээр зөрчил, хэргийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулж үзэхэд зам, тээврийн гэмт хэрэг 63.9 хувиар буурчээ. Амь насаа алдсан болон хохирсон хүний тоо 21.7 хувиар, гэмтсэн хүн 59.5 хувиар тус тус буурсан гэж байна.

ТЦА-ны Орон нутаг хариуцсан дэд хурандаа М.Отгонбаяраас гарч буй осол аваарийн шалтгааныг тодруулбал, тэрээр, нэгд, жолооч нар хурд хэтрүүлж буй нь осол аваар гарахад голлон нөлөөлж байна гэв.

Дараагаар нь жолооч нар ялангуяа шөнийн цагаар гэрлэээ шилжүүлэхгүй байх, эцэг эхчүүд болон жолооч нар хүүхдүүдийг аюулгүй тээвэрлэж зорчих нөхцөл байдлыг хангахгүй байгааг тэмдэглэж байв. Харин орон нутгийн замд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох байдал өнгөрсөн оныхоос буурч байгаа аж. Осол аваар засмал замд гэхээсээ илүү сум хоорондын болон хөдөө шороон замд их гарах болсон байна. 

Б.Болд

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ