АНУ-ын консулыг "Найрамдал" медалиар шагнав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-07-18 18:25:03
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн дарга ноён Жейсон Спэлберг-ийг Монгол Улсын төрийн дээд шагнал “Найрамдал” медалиар шагнасныг Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр гардуулав.


Монгол Улс, АНУ-ын консулын харилцааг хөгжүүлэх, монгол иргэд АНУ-ын виз мэдүүлэх таатай орчинг бүрдүүлэх, иргэд зорчих нөхцөлийг хөнгөвчлөх чиглэлээр бодлогын шинжтэй томоохон санаачилга гаргаж, идэвх зүтгэлтэй ажиллаж ирснийг нь үнэлэн дээрх шагналыг олгожээ. 


Жейсон Спэлберг томилолтын хугацаагаа дуусган нутаг буцаж байгаа бөгөөд түүнийг 2016 оноос хойш Монголд ажиллах хугацаанд Монгол, Америкийн хооронд консулын хамтын ажиллагаа өндөр түвшинд хүрч, хоёр талын албан ёсны яриа хэлэлцээ хийх суваг шинээр нээсэн. Мөн тэрээр АНУ-д богино хугацаагаар хөдөлмөр эрхлэх Н2 визийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн.


Мөн түүний санаачилгаар АНУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлж буй монгол иргэдэд таатай орчин бүрдүүлэх зорилгоор 2017 онд ЭСЯ-ны гадаа дугаарлаж буй иргэдэд зориулан монгол гэр барьж, хүлээлгийн танхим болгосон иргэдийн талархлыг хүлээсэн ажил болсон байна. Виз мэдүүлэх иргэдээс авах ярилцлагыг өмнө нь бусад виз мэдүүлэгчид сонсох боломжтой буюу нээлттэй хэлбэрээр хийдэг байсан нь тухайн хүний хувь хүний нууцыг задруулах, нэр хүндийг нь хөндөх нөхцөл үүсгэдэг байсныг халж, тусгай ярилцлагын өрөө шинээр байгуулсан юм.


Энэ дашрамд дурдахад манай улсын 14 мянга 359 иргэн 2018 онд АНУ-д цагаачлалын бус визээр, түүний дотор бизнес, аялал жуулчлалын В1/В2 болон оюутны эсхүл солилцооны визээр зорчсон нь түүхэндээ хамгийн өндөр үзүүлэлт болсон бөгөөд АНУ-д визийн хугацаагаа хэтрүүлсэн иргэдийн хувь 2016 онтой харьцуулахад мөн буурсан нааштай үзүүлэлт гарсан нь Ж.Спэлбергийн идэвхи зүтгэлээр АНУ-ын ЭСЯ, ГХЯ-тай хамтран хэрэгжүүлж буй “Хариуцлагатай аялцгаая” аяны үр дүн байлаа.

Холбоотой мэдээ