Хавсран суух Элчин сайд нарын Итгэмжлэх жуух бичгийн хувийг хүлээн авав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭУлаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Бүгд Найрамдах Перу Улс, Боливарын Бүгд Найрамдах Венесуэл Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Алжир Ард Улс, Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд нартай уулзаж, Итгэмжлэх жуух бичгийн хувийг хүлээн авав.
Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр уулзалтуудын үеэр хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр санал солилцож, чингэхдээ Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй урт болон дунд хугацааны хөгжлийн баримт бичигт тусгагдсан томоохон зорилтуудыг хэрэгжүүлэхэд харилцан ашигтай хамтран ажиллахын төлөө байгааг тэмдэглэсэн юм.
Мөн талууд НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтын ажиллагааг бэхжүүлэхээс гадна олон улс дахь тулгамдсан асуудлуудын хүрээнд хамтран ажиллах эрмэлзлээ харилцан нотлов.