Засгийн газар, НҮБ-ын хамтарсан удирдах хорооны өргөтгөсөн хуралдаан болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭУлаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хамтарсан удирдах хорооны өргөтгөсөн хуралдаан энэ сарын 28-нд Гадаад харилцааны яаманд болов.
Хуралдаанаар “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ 2023-2027” баримт бичгийн өнгөрсөн оны хэрэгжилт, хүрсэн үр дүн, тулгарч буй бэрхшээл, энэ оны ажлын төлөвлөгөө, хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагаа, цаашид анхаарах асуудлын талаар хэлэлцэж, гишүүд, оролцогчид байр сууриа илэрхийлэв.
Монгол-НҮБ-ын тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд 2023 онд хүний хөгжил, сайн сайхан байдлыг хангах, ногоон, хүртээмжтэй, тогтвортой өсөлтийг дэмжих, хүн төвтэй засаглал, эрх зүйт ёс, хүний эрхийг дээдлэх гэсэн үндсэн чиглэлүүдийн хүрээнд 51.5 сая ам.долларын санхүүжилт бүхий 158 төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлсэн байна.
Хуралдааны үеэр хамтарсан хорооны гишүүд “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” баримт бичгийн хүрээнд 2024 онд анхаарч ажиллах тэргүүлэх чиглэл, хамтран хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн талаарх саналыг хэлэлцэж, Монгол Улсын хөгжлийн бодлого чиглэл, хэрэгцээ шаардлагад нийцсэн, үр өгөөжтэй төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхдээ НҮБ-ын системийн байгууллагууд үйл ажиллагаа, нөөц санхүүгээ улам илүү уялдуулж ажиллахыг зөвлөмж болгов.