Баяр наадмын өдрүүдэд авто тээврийн ослоор гурван хүний амь эрсэджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-07-19 15:14:25

Хэнтий /МОНЦАМЭ/. Баярын өдрүүдэд Хэнтий аймгийн хэмжээнд  гэмт хэргийн шинжтэй гурван осол гарч, гурван хүний амь эрсэджээ.

Тодруулбал, долдугаар сарын 12-ны 09:52 минутад Мөрөн сум, Чингис хотын чиглэлд  авто машин жолоодож явсан 33 настай эмэгтэй "Э" замын хагархайг тойрч гарах гэсний улмаас жолоогоо эргэн хариулж чадалгүй замын хажууруу онхолдсоноор зорчиж явсан таваас арван настай хоёр хүүхэд, 21 настай эмэгтэй  газар дээрээ амиа алдаж 28-30 насны хоёр хүн бэртжээ.

Тиймээс нийт иргэд, жолооч нарт орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо хурдаа тохируулж явах, техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, 0-10 насны хүүхдийг авч явахдаа зориулалтын суудалд тээвэрлэх шаардлагатай байгааг аймгийн Цагдаагийн газраас сэрэмжлүүлэв.

Мөн Баян-Овоо суманд хоёр хүн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ мотоцикл жолоодож явснаар онхолдож нэг нь ухаан алдаж Баян-Овоо сумын эмнэлэгт хүргэгджээ.

Сум орон нутгийн ард иргэдэд унадаг дугуй мотоциклийг тээврийн хэрэгсэл биш гэж эндүүрснээс үүдэж зам тээврийн осол гаргадаг байдал нийтлэг байна.

Иймд орон нутгийн иргэд өөрсдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалан зориулалтын замаар хөдөлгөөнд оролцох, зориулалтын малгай (каск) өмсөж хэвших, “А” ангиллын жолооны сургалтад сууж, үнэмлэх авах шаардлагатай байгаа юм.

Мөн “Элит Мандал” зоогийн газрын урд зам дээр явган зорчигчийг улсын дугаар, марк нь тодорхойгүй машин дайрч хэргийн газраас зугтаасан хэрэг наадмын өдөр гарчээ.

Энэ хэргийг Эрүүгийн цагдаагийн тасгийнхан түргэн шуурхай ажиллаж камерийн тусламжтайгаар Сүхбаатар аймгийн тээврийн хэрэгсэл дайрч зугтаасан болохыг тогтоожээ.

Хохирогчийн нэг хөл нь хугарсан гэх эмчийн анхан шатны дүгнэлт гарчээ. Хохирогч шөнийн 03:30 цагт тэргэнцэртэй зам хөндлөн гарч явсан аж.

Явган зорчигч нар гэрэлтүүлэггүй хэсгээр зам хөндлөн гарахгүй байх, зам хөндлөн гарахдаа хоёр талын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг сайтар харж гарахыг Цагдаагийн газраас анхааруулав.

 

Холбоотой мэдээ