Зөвшилцлийн ажлын баг таван хэлэлцүүлэг зохион байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-07-19 16:10:56
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах УИХ-ын 62 гишүүний өргөн барьсан хуулийн төсөлд Ерөнхийлөгчийн мэдүүлсэн төслийн саналыг зөвшилцөх Ажлын баг өнөөдөр хуралдаж, төлөвлөгөөгөө гаргасан тухай өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэв.


Ажлын багийн анхны хуралдаан өнөөдөр үдээс өмнө Ерөнхийлөгчийн албан өрөөнд болсныг тус багийн нарийн бичгийн дарга УИХ-ын гишүүн С.Бямбацогт мэдээллийн эхэнд дуулгав. 


Тэрбээр, "Ажлын багийн хуралдаан цаашид тасралтгүй үргэлжлэхийн зэрэгцээ Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар энэ сарын 22-25-нд Төрийн ордонд таван удаа хэлэлцүүлэг зохион байгуулахаар тогтсон. Тухайлбал, Даваа гарагт Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн талаар, Мягмар гарагт Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн талаар хуралдана. Тэдгээр хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгч оролцож, өргөн мэдүүлсэн төсөл, саналаа танилцуулна" гэв. 


Ажлын багийн гишүүн, УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, "УИХ өчигдөр хоёр чухал тогтоол гаргасны нэг нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх хугацааг сунгах тогтоол юм.  Энэ тогтоолоор УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчөөс энэ сарын 16-нд УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг судалж боловсруулах, саналын түвшинд харгалзан үзэх, зөвшилцөх шаардлагатай байгаа учраас УИХ-аар хэлэлцэж байгаа Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хугацааг наймдугаар сарын 09-ний өдрийг хүртэл тогтоохоор зааж өгсөн. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд заасны дагуу энэ хугацаанд УИХ-ын гишүүд энэ сарын 22-ны өдрөөс 8 дугаар сарын 09-нд тойрогтоо ажиллаж, УИХ-ын нэр бүхий 62 гишүүний өргөн барьсан болон Ерөнхийлөгчөөс мэдүүлсэн Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл, саналыг иргэд олон нийтэд танилцуулж саналыг нь авах юм. Мөн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаар АН-аас өгөх саналыг ч хэлэлцүүлнэ. Дараа нь өргөн баригдсан төслүүдийг нэгтгэх юм. Манай намын бүлгийн хувьд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг зөвшилцөл, ойлголцлын үндсэн дээр шийдэх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Нөгөө талаар Үндсэн хууль оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-ын 57-гоос доошгүй гишүүний дэмжлэгээр батлах учиртай. Тиймээс парламент дахь хоёр гол нам зөвшилцөлд орж, үндэсний зөвшилцлийн Ажлын багийг Монгол Улсын Ерөнхийлөгч даргалахаар болж байгаа юм" гэлээ.


Харин Ажлын багийн гишүүн, УИХ-ын гишүүн, Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, "Ажлын баг хуралдаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, санал болон АН-ын саналыг оролцуулж хэлэлцүүлэг хийхээр тогтсон. Одоо УИХ-аар хэлэлцэгдэж байгаа төсөл болон Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төсөлд авах ч юм бий, гээх ч юм бий. Гол нь хэлэлцэж байгаа төслийн саналуудтай Ерөнхийлөгчийн төсөл болон АН-ын саналыг нэгтгэн, зөв үзэл баримтлал, зөв чиглэлтэй шинэ дэвшилт алхам хийгээсэй хэмээн хүсэж байгаа. Ирэх долоо хоногт манай нам Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаарх саналаа УИХ-д өргөн барина. Засгийн газрыг тогтвортой ажиллуулах, сонгодог парламентыг төлөвшүүлэх, гишүүдийн хариуцлагыг дээшлүүлэх, төрийн бодлого, тэр дундаа эдийн засгийн бодлогод онцгой анхаарах нь чухал гэж АН үзэж байгаа. Мөн хотын асуудал, засаг захиргааны нэгжийн асуудлыг өөр өнцгөөс харж ухаалгаар авч үзэх ёстой гэсэн байр суурьтай байна. Энэ чиглэлээр зөв томьёолол хийнэ гэж найдаж байна" гэв.

Холбоотой мэдээ